Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.12.08 12:28
5820
"ОРОС АХ" НАРЫН ХҮССЭН ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС БАРИХЫГ ЗОГСООХ ТОГТООЛ ГАРЛАА

Баруун бүсийн болон эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, бүсийн эрчим хүчний системийн горим тохируулгын үүрэг гүйцэтгэх, эрчим хүчний системийн аюулгүй байдлыг хангах, импортын эрчим хүчний хэмжээг багасган бүс нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны 05 дугаар сарын  30-ны өдрийн ЗГ-ын 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн Газраас Монгол Улсын  Засгийн газарт олгох 1 тэрбум ам. долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулсанаар санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 3асгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 3асгийн газраас хэрэгжүүлэх үндсэн дөрвөн зорилтоо танилцуулж, хэлсэн үгэндээ "Эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авч, үүнд жилд дунджаар 140 сая ам.доллар зарцуулж буй өнөөгийн байдлыг халахын тулд "Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно" хэмээн мэдэгдсэн байдаг.

Тэгвэл Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох арга хэмжээ авах тухай тогтоол гаргажээ. Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулахаар байна гэж үзэж буй юм.

Эрдэнэбүрэнгийн УЦС нь  90МВт Суурилуулсан хүчин чадалтай ажиллаж  жилийн нийт үйлдвэрлэл нь 366 сая.кВт.цаг байх бөгөөд энэ нь баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангаж их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ. 

Баруун бүсийн нэгдсэн сүлжээний 2019 оны цахилгаан эрчим хүчний хэрэглээ 172.3 гаруй сая кВт/цаг  байсан ба үүний 26%-ийг Дөргөний УЦС-аас, 74%-ийг ОХУ, БНХАУ-аас импортлосон эрчим хүчээр хангаж буй.

Төслийн зорилго: Баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах, баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тохируулгын үүрэг гүйцэтгэх олон талын ач холбогдол бүхий 90 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий усан цахилгаан станцыг барьж байгуулан ашиглалтанд оруулна.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

“Эрдэнэбүрэнгийн УЦС” төсөл хэрэгжсэнээр:

-          Баруун аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч Эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчинд хор нөлөөгүй, сэргээгдэх эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж 100% дотоодын эх үүсвэрээр хангагдана.

-          Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний ойрын 10 жилийн нийт хэрэглээний өсөлтийг хангахуйц хүчин чадалтай болох.

-          Эрчим хүчний өөрийн өртгийг хямдруулах,

-          УЦС-ын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгоно.Усан санд ихээхэн ус хуримтлагдснаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.

-          Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.

-          Хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 756,6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий /ойролцоогоор 1,3 сая тонн/-н ялгаралтыг бууруулна.

-          Бүсийн  хэмжээнд улсын төсвөөс авах татаасыг тэглэнэ.

-          Ажлын байр нэмэгдүүлнэ.

  •          Баруун 5 аймгийн эрчим хүчний нэгдсэн систем бүрдэх нөхцөлийг бүрдүүлж, бүсэд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн горим тохируулгыг ханган ажиллах зэрэг үр ашигтай хэмээн мэдэгдэж байсан юм.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсад болж өндөрлөсөн бөгөөд манай улсын эрчим хүчний асуудлыг  хэлэлцсэн.

Тус хуралдаанд оролцсон ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко "Байгаль нуурт цутгадаг гол мөрөн дээр усан цахилгаан станц барих Монголын төсөлд ОХУ сөрөг байр суурьтай байгааг илэрхийлээд эрчим хүчний дутагдлыг тус улсын Галуут нуурын цахилгаан станцаас хангах боломжтой" гэж мэдэгдсэн талаар Риа Новости агентлаг мэдээлсэн байна. 

Монгол Улсад хэрэгжүүлэхээр судалж ирсэн Шүрэн болон Эгийн голын Усан Цахилгаан Станцын төслийг ОХУ эсэргүүцсээр ирсэн юм.

"Сэлэнгэ мөрний цутгалан дээр УЦС барих нь ОХУ-ын хувьд маш эмзэг. Бид Байгал нуурын эмзэг экосистемийг хадгалах асуудлаар ирэх жил Казань хотноо ЮНЕСКО-ийн төлөөлөгчдийг оролцуулсан хурал зохион байгуулахаар бэлтгэж байна. Монгол Улсад шаардлагатай эрчим хүчний хэрэгцээг Галуут нуурын цахилгаан станцаас хангахад бэлэн байна" гэж В.В.Абрамченко сэтгүүлчдэд хэлсэн байдаг.