Бурхан шүтээнд тахил өргөх олон зан үйл байдгийн нэг нь зул өргөх ёс юм. Монголчууд зул өргөхдөө энэ ба хойтын буянд, өөд бологсдын буянд зориулахын зэрэгцээ мал муулахдаа хүртэл сайн төрөл олохыг ерөөж зул өргөдөг заншилтай. Энэ уламжлал тасралтгүй явж ирсэн боловч зарим зүйл мартагдан бүдгэрч буй тул зул өргөхийн нарийн утга учрыг мэдвээс нэн тустай юм. Зул өргөх цөгц нь алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйл байваас нэн сайн. Адаглаад шавар модноос дээш зүйл байх хэрэгтэй. Тос нь элдэв муу үнэр амт ороогүй шар тос болон ургамлын тос байж болно. Зулын голыг нь цөгцнийхөө том жижигт тааруулан хөвөнгөөр ороож хийнэ. Гол нь хэт чанга бус, хэт сул бус өндөр намын хэмжээ нь арвай хатгасан төдий хэмжээтэй /5-7 мм орчим/ байна. Цөгцөнд тос цутгахдаа хэт баялхааваас санваар ёс цалгардах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас доош хуучны цөгцний зураасны хэмжээтэй /2мм орчим/ хийнэ. Зулын гол орохдоо гараа сайтар угааж гол ороох хөвөндөө хир буртаг байтугай амны уур, амьсгаа, шүлс зэргийг халдааж үл болно. Зулны гол ороож буй үедээ “Язгуурын гурван бурхны зүрхэн тарни”буюу Ом а ра ба за на ди, Ум ма ни бад мэ хум. Ум базар ва ни хум пад хэмээх гурван тарни болон өөрийн мэдэх тарни, мэгзэм ерөөл тэргүүтнийг уншина. Зулын гэрэл нь тод саруул бөгөөд удаан байвал нэн сайн хэмээдэг. Зулын гэрлийг ашиглан юм хийх мэтийг тахилд өргөсөн идээ ундааг идэж уусантай ялгалгүй хэмээн хууччуул хэлэлцдэг тул үүнийг тэвчих хэрэгтэй юм. Мөн зул өргөхийг өдөр тутмын алба үүрэг өнгөрөөхөд тооцох, бусдын нүдэнд үзэмжтэй харагдуулах зэргийн тухайд бус эх болсон хамаг амьтны нисваанисын түнэр харанхуйг гийгүүл билгийн гэгээг олгуулахын тул өргөх учиртай. Өдөр тутам бурхан шүтээндээ зул өргөж байх нь энэ ба хойт насны үйлд нэн тустай бөгөөд буян их хураана хэмээн судар номд олонтоо айлдсан тул үүнд хичээн шамдагтун.
Б.Хонгорзул