Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.12.15 20:41
23165
ГЭР БҮЛЭЭС ГАДУУРХ ХАРИЛЦААНЫ УРШГААР 3 ХҮҮХЭД ӨНЧИРЧ, 1 НЯРАЙ ЭНДЖЭЭ

Баян-Өлгий аймгийн иргэн 52 настай эрэгтэй С нь эхнэр, гурван хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг бөгөөд 21 настай Е-тэй гэр бүлээс гадуурх  харилцаанд орж жирэмсэн болгожээ.

Улмаар 21 настай эмэгтэй нь эрүүл саруул хүүхэд төрүүлсэн ч С нь эхнэр М-ийн хамт 21 настай Е болон, түүний ээж 58 настай С-тэй уулзаж, төрсөн нярайг үрчлэн авч, өсгөхийг гуйж, дөнгөж төрсөн нярайг бичиг баримтгүйгээр үрчлэн авсан байна.

Гэвч С, М нар нь үрчилж авсан хүүхдийг хооллох, асарч халамжлах үүргээ биелүүлээгүйгээс нярай тухайн айлд очсон өдрөө хэт их уйлснаас амьсгалын болон хоол тэжээлийн дутагдалд орж, нас баржээ.

Шүүхийн шинжээч нар нярайн биед задлан шинжилгээг хийж, хүүхэд хэт их уйлснаас амьсгалын дутагдалд орсон, шим тэжээлийн дутагдлаас болж нас барсныг тогтоосон байна.

Ингээд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 52 настай эрэгтэй С-д нярай хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асрах, мөн хүний үндсэн эрх болох амьд явах эрхийг нь хангах үүргийг үл биелүүлснээс хүүхдийн амь нас хохирсон гэм буруутайд тооцож гурван жил гурван сарын ял оноожээ. Харин эхнэр М-д 3 сар, нярайн төрсөн ээжид 2 жилийн ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ.