Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.12.27 15:07
20668
"Иргэдийг тусгаарлахад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна, холбогдох хүмүүст хариуцлага тооцно"

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн гадаадаас ирж буй иргэдийг цар тахлын омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлах байранд гурав хоног тусгаарлахаар болсон. Улмаар иргэдийг зочид буудалд тусгаарлахад 10 гаруй цаг хүлээлгэх, хуваарилсан буудал нь бохир заваан байгаа талаар иргэд гомдол мэдүүлж эхэлсэн байна.

Тус асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү тайлбар өглөө.

Т.Баярхүү: “Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах явцад алдаа гарсан байна билээ. Иргэдийг чирэгдүүлж, алдаа дутагдал гарсныг УОК засч залруулахаар ажиллана. Үүнд албаны шалгалт хийж байна. Зохион байгуулалтын явцад алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Шадар сайд үүрэг болгосон.

Хил дээр зохион байгуулж байгаа хяналт шалгалтын хүрээнд арваннэгдүгээр сарын 26-наас хойш Монгол Улсад нийт 300 гаруй тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал гээд цааш хөврөөд явж байна. Тиймээс энэ эрсдэл буюу омикрон хувилбарыг цааш тархаахгүй давалгаа гарахаас сэргийлэхийн тулд тусгаарлалтын ажлыг зохион байгуулах шийдвэрийг УОК-оос  гаргасан. Зохион байгуулалтын явцад алдаа гарсанаа хүлээн зөвшөөрч уучлалт хүсч байна. 

Нийт 19 зочид буудалд иргэдийг тусгаарлаж байна. Нийслэлд 300 гаруй зочид буудал бий. Тусгаарлалтын шаардлага хангасан нь 30 орчим буудал байна. Өмнө нь тусгай үүргийн онгоцоор иргэдийг татан авч тусгаарлахад 27-28 буудал ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар 16 буудалд 730 хүнийг тусгаарлаад байна.  Энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн 120 гаруй цэргүүдээс Covid-19 халдвар илэрсэн. Омикрон хувилбар мөн эсэхийг хувилбар тодорхойлох судалгаагаар баталгаажуулахаар ажиллаж байна" гэв.