"Глобал удирдагч" дээд сургууль энэ жил зэрэглэлээ ахиулж их дээд сургуулийн статустайгаар шинэ оноо угтаж байна. Цар тахал их дээд сургуулиудаас шинэ орчин, боловсролын чанар хүртээмжтэйгээр богино хугацаанд цахимжихыг шаардсан. Тэгвэл тэд энэхүү шалгуурыг давж боловсролын салбарт хүлээсэн үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлжээ. Иймээс ч улиран одож буй 2021 оноо дүгнэж, шинэ оноо угтан авах шинэ жилийн ажиллагааг дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан багш ажиллагсдын хамт баяраа тэмдэглэлээ.
Мөн ГУИС-ийн дэргэд "Шинэ зууны удирдагч" ОУ-ын дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тэд цар тахлын үеийн цахим хичээлийн жилүүдийг хичээлийн хоцрогдол багатайгаар туулжээ. Танхимаар хичээллэж эхэлснээр хичээлийн хоцрогдлоо бүрэн арилгаж, хичээлийг үндсэн агуулгаар нь орж байна. Энэ жил "Глобал удирдагч" их сургуулиас хоёр ч гавьяат төрсөн нь яалт ч үгүй ажлын үр дүн бүтээмжийн нэг мөн. Тэдний нэг нь ГУИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал н.Сүрэнхай Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан болжээ. Арга хэмжээний үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ГУИС-ийн хамт олонд баяр хүргэж, оюуны баялаг бүтээж байгаа багш нарын төлөөлөлд "Баялаг бүтээгч" тэмдэгийг гардуулсан юм.
Глобалчууд ийм амжилттайгаар хуучин оноо үдэж, ирэх оноо угтаж байна. Тэд боловсролын салбарт хүлээсэн үүргээ биелүүлж оюутнуудад чанартай, хүртээмжтэй боловсролыг олгож, олон улсад өрсөлдөх чадвартай чадварлаг боловсон хүчинг бэлтгэхээр ажиллаж байна.