Баялаг бүтээгч
2022.01.07 18:58
1733
НИЙСЛЭЛ ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Монгол Улс түлшинд хэрэглэдэг барьцалдуулагчаа Хятад улсаас импортлож авдаг. Өнөөдрийн байдлаар хил хаалттай байгаа нь түлшний хомстолд оруулах эрсдэлтэй байсан. Тэгвэл олон удаагийн туршилтаар баталгаажсан, чанартай барьцалдуулагчийг Монгол Улс дотооддоо үйлдвэрлэж байна. Энэхүү бүтээгдэхүүнийг “Баргил тех” компани өөрсдийн хийсэн түүхий эд болох бөсгөсөн шохойгоор хийдэг. Энэ нь алсыг харсан, Монгол Улсын шилдэг үйлдвэрлэлүүдийн нэг гэж “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр онцоллоо.

Тус компани нь цаашид импортын барааг орлох таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Үүний хүрээнд хөрөнгө оруулалтын шинэлэг аргыг ашиглаж IIT токеныг гаргажээ. Одоогоор урьдчилсан захиалга авах шатанд явж байгаа бөгөөд худалдаж авсан хүмүүст үйлдвэрүүдийнхээ орлогоос ногдол ашиг олгох давуу талтай юм.

Цар тахлаас үүдэлтэй хямралд өртсөн энэ цаг үед иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлэх үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Үүнд зөвхөн төр засгийн дэмжлэгийг хараад суулгүй хүн бүр чадахаараа хөрөнгө оруулж, өөрсдөө ч ашиг хүртэх боломжийг “Баргил тех” компани олгосон байна.