Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.01.10 13:35
7894
АН: "Бүлгийн шийдвэрийг хүлээж авахгүй цааргалаад байгаа нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаа болж байна"

УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс УИХ дахь АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж, гацаахгүй байхыг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: “УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хэвийн үйл ажиллагаа явуулахад саад болж гацаахгүй байхыг УИХ-ын даргаас шаардсан боловч хүлээж аваагүй. Байх ёстой ажлын байрандаа байх ёстой тэр цагт нь АН-ын гишүүд байгаа. Иймд хурлаа хийж шийдвэрээ гаргаад цааш цаашдаа ажиллах хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг Их Хурлын удирдлагаас шаардаж байна. Намын 200 мянган гишүүд оролцсон онц их хурал, үндэсний бодлогын хороог дээд шүүх хууль ёсных гэж үзсэн. Иймээс АН-ын дотоод маргаан гэж байхгүй.”

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: “АН-ын гишүүд бүлгийн даргаа солиод гурван сар болж байна. Энэ хугацаанд дээд шүүхийн шийдвэрийг харж байсан. Онц их хурал, үндэсний бодлогын хороог дээд шүүх хууль ёсных гэж үзэн, намын даргын асуудлыг дахин оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Бүлгийн шийдвэрийг хүлээж авахгүй цааргалаад байгаа нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаа болж байна гэж харж байгаа. Хоёр дахь удаагаа өгч буй шаардлагыг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандаж ажлаа хийж чадаж байгаа эсэх талаар нь дүгнэлт гаргуулна” гэв.