Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.01.10 13:47
13213
"Замын-Үүдээс долоон мянгуулаа үнэ ханшаараа уралдаад тээврээ зөөцгөө"

МАН-ын бүлэг хуралдаж зарим асуудлаар хариулт өглөө. 

Хууль зүйн сайд Х.Нямбаатар: Мөнгө угаах терроризмтой тэмцэх олон улсын байгууллагын өмнө бид хэд хэдэн үүрэг хүлээсэн. Үүний хүрээнд энэ оны эхний хагастаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулиа батлан гаргах, барьцаалан зээлдүүлэх байгууллагыг бүртгэлжүүлэх, алт, үнэт эдлэл худалдан авдаг үйлчилгээг зөвшөөрүүлэх, бүртгэлжүүлэх, ББСБ-ыг боловсронгуй болгох гэх мэт ажлуудыг хийхээр зорьж байна. Бид тайлан хүргүүлэх ёстой.

Тайланг үнэлсэнээр манай орны дүгнэлтийг гаргана. Өөрөөр хэлбэл саарал жагсаалтад орох эсэхийг шийднэ.

Өнөөдөр БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд Тяньжин болон бусад газруудаас ирсэн манайхруу импортлогдох бараа чингэлэгт төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас Синотранс гэдэг компани Хятад буюу дотооддоо тээвэр хийх эрхээ авсан юм билээ. Синотранс нь  ачаа барааг хилийн 0 цэг дээр авч ирж өгнө. Энэ цэгээс цаашаа манай улсын 7000 орчим жолооч татаж авъя гэж байгаа.

Хятадын тал нэг зүйл хэлж байгаа. Танайх 7000 жолоочийнхоо халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар сахиулаад ямар ч халдвар тархаахгүй байж чадвал бид Эрээний гаалийн хашаанаас байнгын тээвэрлэлтийг танай 0 цэг рүү авч ирж өгөе гэж байна. Өөрөөр хэлбэл хилийн 0 цэг дээр солилцоо хийе гэж байгаа. Тэгэхээр энэ бол ямар ч боломжгүй.

Сая Замын-үүдэд маш олон жолооч нар цаашаа ковид тараасан гээд тээвэрлэлт хүндэрч байгаа. Тэгэхээр Засгийн газарямар шийдвэр гаргаж байгаа вэ гэвэл,  хилийн 0 цэгээс цааш үнэ төлбөргүй төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагуудын жолооч, тусгай 0 цэг дээрээс нэг орчинд вакуумжиж байж байгаад очиж чингэлэг тээврийг дамжуулж ачаад Замын-Үүдэд авч ирж буулгая.

Замын-Үүдээс Улаанбаатар хот руу долоон мянгуулаа үнэ ханшаараа уралдаад тээврээ зөөцгөө. Энэ бол Засгийн газар, тээвэр ложисткийн хүндрэл, инфляцыг бууруулахын тулд хийж байгаа алхам гэж үзээд маргаашнаас энэ ажил эхлэх гэж байгаа.