Өнгөрсөн амралтын өдрүүдээр хэвлэл мэдээллийн байгууллагаар Төв аймгийн Борнуур суманд үйл ажиллагаа эрхэлдэг Хятад ажилчидтай "Лил Минерал" гэх компанийн талаарх шуугиан дэгдсэн байдаг. Тодруулбал тус компанийн Хятад ажилчид Монгол эмэгтэйг бүлэглэн айлган сүрдүүлэх үеэр түүнийг нь таслан зогсоосон Монгол иргэний биед ноцтойгоор халдсан байна. Улмаар тус асуудлаар хэвлэл мэдээлийн байгуулага сурвалжлан очиход сэтгүүлч, зураглаач нар руу мөн төмөр, чулуу зэрэг шидэж танхайржээ.
Зургийг, Neguun.mn
Тус асуудлаар Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэг болон мэргэжлийн хяналтаас тодруулахад, "Тус Лил Минерал гэх компанид иргэнээс гомдол мэдээлэл ирсний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлт хүргүүлэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг арван нэгдүгээр сарын 11-ний өдөр хийлгэсэн. Улмаар байгаль орчны чиглэлээр, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, байгаль орчны аудит хийлгээгүй, газрын төлөв байдал, чанарын баталгаагүй, ус ашиглах дүгнэлтгүй, ус авах цэг дээр тоолуур байрлуулаагүй, усны төлбөр төлөөгүй, хог хаягдлаа ангилан ялгах цэггүй гэсэн байгаль орчны сөрөг нөлөөлөл учруулсан гэх зөрчлөөр мөн хөдөлмөрийн чиглэлээр ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагын үнэлгээ хийлгээгүй, ажилчид нь эмчийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй гэх нэлээдгүй хэдэн үндэслэлүүдээр үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоогоод байсан, хил хаагдсанаас шалтгаалж Хятад талын ажилчид явж чадаагүй" гэлээ.
Лил минерал гэх уг компани нь төмөр үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 100 хувь хятадын хөрөнгө оруулалттай компани бол Монгол дахь гүйцэтгэх захирлаар н.Ням-Аюуш гэх хүн хариуцан ажилладаг байна. Хяналт шалгалт хийх үед 4-5 Монгол иргэд, 17-18 Хятад ажилчид байсан бөгөөд үйл ажиллагаа нь хүчин чадлынхаа багахан хувиар ажиллаж байжээ. Ийнхүү үйл ажиллагаа нь зогссон газар Хятад ажилчид байрлан ажиллаж байсан нь хэн нэг хуулиас дээгүүрх этгээд ард нь байгаа юу гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.
Болсон үйл явдлын хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад тус "Хятад ажилчдыг баривчлаагүй, мэдүүлэг авахаар Борнуур сумаас Төв аймаг руу хүргүүлсэн. Улмаар 13 Хятад иргэний 3-ийг нь Лил Минерал гэх компанийн удирдлагуудын зүгээс ирж зөөсөн" гэх мэдээллийг өглөө.