Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.01.10 19:18
8375
“Цагаан сарын үеэр өдөрт 20 мянга гаруй тохиолдол бүртгэгдэх судалгаа бий, хөл хорио тогтоохгүй”

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 



УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Омикрон хувилбарын оргил үе хоёрдугаар сард тохиож, энэ үеэр өдөр бүртгэгдэх тохиолдлын тоо 18 мянгаас 20 мянга болж бүртгэгдэнэ гэх эрдэмтдийн судалгаа байна. Гэхдээ хөл хорио, хязгаарлалт тогтоохгүй. Харин төрийн золголт хийхгүй, мөн иргэд цомхон хүрээнд тэмдэглэхийг уриалж байна.

Омикрон хувилбар тархац хурдан тул албан байгууллагууд ажилтнуудаа аль болох зайнаас, цахимаар ажиллуулахыг зөвлөж байна. Халдвар байгууллага дотор тархвал хүний нөөцийн дутагдал үүсэх магадлалтай.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Дусал шингэний нэг сарын нөөц, бусад эм тариа 1-2 сарын нөөцтэй байна. Дор хаяж гурван сарын нөөцтэй байхыг үүрэг болгосон. Эмнэлгийн тусламж үйлчилгээг шаардлагатай иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөж байна. 120 гаруй удаагийн нислэгээр ирсэн иргэдээс 600 гаруй иргэний хариу эерэг гарсан. Тусгаарлан ажиглах байранд 4000 гаруй иргэнийг тусгаарлахад 155 иргэнээс халдвар илэрсэн. Энэ хариу арга хэмжээ 4-5 хувийн эерэг илрүүлэлттэй байсан.

244 энхийг сахиулагчаас 231 нь халдвар авсан нь батлагдсан. Тэгэхээр омикрон хувилбар 90 хувь халдварыг тархааж байна.

ПСР шинжилгээгээр өмөрмөц урвалжуудыг ашиглаж үүсвэрийг оношилдог. Энгийн ПСР болон хувилбар тодорхойлох шинжилгээ 24 цагийн дотор гардаг. Үүний дараа NGS буюу бүрэн генийн дараалал тогтоох шинжилгээгэр ямар хувилбар вэ гэдгийг тодорхойлдог. NGS шинжилгээ нь нэг хүнд ноогдох өртөг нь нэг сая төгрөг байдаг.