Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.01.11 11:28
64841
ИРГЭД ЗЭВСЭГ БАРИН ТЭМЦЭХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Монгол Ньюс мэдээллийн төвд Баянхонгор аймгийн Шинэ-Жинст, Баян-Өндөр сумын иргэд алтны лицензтэй Эрдэнэ Монгол компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Баянхонгор аймгийн иргэн С.Зоригтбаатар: 2010 оноос хойш эхлэн олон улсын хөрөнгийн биржүүдэд Дэлхийн алтны бүслүүр Монголоос олдлоо гэсэн мэдээлэл тархаж байв. Энэхүү мэдээллийг Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Эрдэнэ ресурс гэдэг компани тараасан байдаг. Энэ мэдээллийнхээ үр дүнд эздээс нь асуудлгүй Торонтогийн бирж дээр хөрөнгө босгож Монгол улс руу хүч түрэн орж ирлээ.

Энэ компани Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр гэсэн сумуудыг дамнасан хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авч өдгөө цианит натри ашиглан алт ухахаар улайрч байна. Онцгой байдал тогтоосон хөл хориотой үед өөрийн талын цөөн иргэдээр Иргэдийн нийтийн хурлын тогтоол гэгчийг батлуулсан байдаг юм. 

Говь нутагт чандмань эрдэнэ болсон усыг хоногт 50 тонноор хэрэглэнэ гэдгээ ил тод илэрхийлж стратегийн ордод багтах өндөр агуулгатай нь соц нийгмийн үед батлагдсан Хөндийн алт-ны ордыг ашиглах нь малчдад төдийгүй говь нутаг цөлжих аюултай юм. Ийм учраас Баян-Өндөр, Шинэжинст сумын иргэд Эрдэнэс-Монгол компанийн хүч түрэмгийлсэн ажиллагааг эрс эсэргүүцэн зэвсэг барин тэмцэхээ илэрхийлж байна. 

Тус компани аймаг 28 тэрбум төгрөг, сумдад 300 сая төгрөгийн авлига амлаж иргэдэд гурил будаа амлан Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Баярмаа тэргүүтэй гадны гар хөл болсон нөхдийн хамт говь нутагт заналхийлж байгаа учир Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нараас аврал эрэн энэхүү хэвлэлийн хурлыг хийлээ" гэв.