Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Орон нутаг
2022.01.11 17:14
16989
Дархан-Уул аймагт цагаан сар тэмдэглэхийг хориглолоо
Монгол Улсын Засгийн газар болон УОК-оос цар тахлын халдварын тархалт өндөр байгаа ч улсын хэмжээнд цагаан сар тэмдэглэхийг хориглоогүй. Харин төрийн золголт хийхгүй байхаар шийдвэрлэж, айл өрхүүдийг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг уриалаад буй.
Тэгвэл өнөөдөр Дархан-Уул аймаг нийтээрээ цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.
 
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал: Эдийн засагт сөрөг нөлөөгүй, Аж ахуйн нэгжид дарамт учруулахгүй байх арга хэмжээг бид баримтална. Өнөөдөр /2022.01.11/ аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар хуралдлаа. Малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг 64 хоногийн хугацаанд бүрэн хумисан бөгөөд 4 сарын хугацаанд аймгийнхаа бүх малыг давтан вакцинд хамруулах чиглэлийг ХХААГ-т өглөө.
Мөн оны өмнөх 2 долоо хоногт коронавирусийн өвчлөл эрчимтэй буурч эмнэлгийн ачаалал багассан. Харин оны эхний 7 хоногт өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэж өмнөх 7 хоногтоо харьцуулахад өвчлөлийн тохиолдол 4 дахин нэмэгдсэн. Тиймээс шинжилгээний цэгүүдийг дахин гаргаж цаашид цэгийн тоог нэмэгдүүлэх чиглэл өгсөн юм.
 
Эрчимтэй тархаж буй коронавирусийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах ГУРВАН ШИЙДВЭРИЙГ аймгийн Онцгой комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:
1. Энэ сарын 15-ний өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.
2. Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй байхаар боллоо.
3. Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд нийтийг хамарсан золголт хийхгүй байх шийдвэрийг тус тус гаргалаа"
Ингэхдээ Аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үндсэн үйл ажиллагааг хязгаарлахгүй байж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр Аймгийн Онцгой комиссын гишүүд анхаарч байгаа талаар тус аймгийн Засаг дарга мэдэгдлээ.