Нийгэм
2022.01.13 17:40
2639
Иргэн: Цагдаа нар гэмт этгээдүүдтэй нийлж бусдын эд хөрөнгийг завшдаг юм байна гэж хардаж байна

БЗД-ийн нутаг дэвсгэр дахь Ногоон төгөл хотхоны 171б байрны хоёрдугаар орцонд үйл ажиллагаа явуулж байсан иргэн н.Баяржаргалын эд хөрөнгөнд бүлэг этгээдүүд нууцаар нэвтэрч их хэмжээний хохирол учруулсан байна.

Тодруулбал, Уг хэрэг өнгөрсөн оны арван хоёрдугаар сард болсон бөгөөд 600 сая төгрөгийн арьс, шир эд хөрөнгөө алдсан  хохирогч цагдаад хандсан болов ч өв хөрөнгийн маргаан гэх шалтгаанаар хэрэг шийдэгдээгүй нөхцөл байдалтай байна. 

Тэрээр, “ Хоёр охины маань аав өнгөрсөн долдугаар сард нас барсан. Бурхан  болоод удаагүй байхад охин нь гэх н.Ган-Эрдэнэ гэдэг эмэгтэй гэнэт гарч ирээд бүх юмыг нь авах гэж улайрсан.

Өнгөрөгч оны 12-р сарын 17-ны өдөр тэр охин гэх эмэгтэйн хөлсөлсөн том биетэй залуучууд орж ирээд манай худалдагч охины  биед халдаж чирч гаргаад, түлхүүрийн дээрэмдэж авч явсан. Тухайн үед цагдаад мэдүүлэг өгөхөд БЗД-ийн хоёр дугаар хэлтсээс цагдаа ирж намайг авч яваад мэдүүлэг аваад орхисон.

Энэ хэргээр тогтохгүй хэд хэдэн удаа охин бид хоёрыг айлган сүрдүүлж, хаалга үүд нүдсэн юм. Үүнийг би гэмт хэргийн шинжтэй үйлдэл гараад байна гээд цагдаад удаа дараа мэдээлсэн болов ч ямар ч арга хэмжээ авахгүй байсаар байтал тав хоногийн дараа буюу 12-р сарын 22-ны өдөр нууцаар хаалга эвдэж орж ирээд 600 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан. Манайх дотроо дуу хураагч, камертай тул бүгд бичигдсэн байгаа. Цагдаагийн газарт камерын бичлэгийг хуулж өгсөн.

Хамтран ажилдаг олон хүмүүсдээ их хэмжээний өртэй байгаа болохоор маш их хэцүү байна. Зөвхөн өв хөрөнгөөс гадна миний хувийн бараа материалууд байсан.

Түрээслэгчийн зүгээс эвдрэл хохирлыг хурдан шийдэж өгөхийг шаардсан тул цагдаагийн газрыг ирээд үзлэг хийгээд өгөөч гэхэд үзлэг хийх хүн олдохгүй байна гээд цагдаа гаргаж өгөхгүй арай гэж үзлэг хийлгэсэн.

БЗД-ийн хоёрдугаар хэлтсийн н.Мөнх-Эрдэнэ дэслэгчийг гэмт этгээдүүдтэй нийлж бусдын эд хөрөнгийг завшдаг юм байна гэж хардаж байгаа. Энэ улсад хууль дүрэм гэж байна уу? Хэн дуртай нь дайрч орж ирээд бүлэглээд дээрэм хийж болдог юм уу? БЗД-ийн хоёрдугаар хэлтсээс хохирлыг хурдан барагдуулж өгөхийг хүсэж байна” гэв.

Тус хэргийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Дэлгэрхангай: "Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна, хохирогч болон холбогдогчдоос мэдүүлэг авч байгаа" гэх тайлбарыг өгсөн юм.