Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2022.01.14 10:09
2022
ҮСХ-ны дарга Б.Батдаваа: Нэмүү өртөг шингэсэн экспортын мах дотоодын хэрэглээний махнаас хямд байх боломжгүй

МҮХАҮТ-аас энэ сарын 10-нд сошил хуудсаараа “Бид дотоодод нэг килограмм махыг 13900 төгрөгөөр худалдан авч байхад махны экспортын компаниуд 1.4 ам.доллар буюу 3989 төгрөгийн үнийн дүнтэй хэмээн дарж мэдүүлж, экспортод гаргаж байна” гэсэн юм. Тэгвэл энэ талаар ҮСХ-ны дарга Б.Батдаваагаас тодруулахад “Манай улсын мал аж ахуйн үйлдвэрлэлийг тооцож үзэхэд мал тооллогоор 67.3 сая мал тоолуулсан. 17 сая ширхэг арьс шир боловсруулах боломжтой байсан. Жилдээ 500 мянга гаруй тонн мах бэлтгэж , сая тонн сүү бэлтгэж, 10-аад тонн ноолуур мал аж ахуйн салбараас орж байгаа. Бэлтгэж байгаа махны 3.3 хувь нь нэмүү өртөг шингэж экспортод гардаг. Дотоодод үхрийн мах кг нь 15800 төгрөг  байхад экспортын мэдүүлгийн үнэ 5-6 мянга байна гэх шүүмжлэл нийгэмд гарлаа. Экспортын үнийн мэдүүлэг дотоодын үнээс зөрүүтэй байх боломжтой.

Учир нь цаад экспортлогч орондоо импортын  30-40 хувийн татвар төлдөг учраас татвар бага төлөхийн тулд үнийн дүнг багаар мэдүүлдэг байх боломжтой. Экспортод мах гаргахын тулд  ангилж ялгаж, булчин шөрмөсийг нь ялгаж авна. Ингээд тооцвол экспортын үхрийн махны гарц 45 хувиар гарч буурч, хониных 40 хувиар буурдаг.

Тэгэхээр үйлдвэрлэлд орж байгаа экспортын мах дотоодын махнаас ямарч байсан хямд байх боломжгүй” гэлээ .