Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2022.01.14 14:40
2195
Н.Мандуул: Шинэ сэргэлтийн бодлого 10 жилийн хугацаанд хэрэгжиж, үр өгөөжөө өгнө

Цар тахлын үед манай улсын эдийн засаг  -5.3 хувь хүртэл агшсан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-д өргөн барьж батлуулсан "Шинэ сэргэлтийн бодлого" цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, сэргээж тогтворжуулах цаашид урт хугацааны өсөлтөд чиглэгдсэн юм. Энэ хүрээнд  Засгийн газраас эдийн засгийн суурь судалгаануудыг хийж, хөгжлийг гацаагч суурь зургаан хүчин зүйлийг тодорхойлж, түүнийг эдийн засгийн зөв бүтцэд оруулан загварчлах, мөн   хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихээ мэдэгдсэн билээ. 

Тэгвэл "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд эхний ээлжид 57 их наяд, бүрэн хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай.

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт , Аж үйлдвэржилтийн сэргэлт , Хот, хөдөөгийн сэргэлт,  Ногоон хөгжлийн сэргэлт, . Төрийн бүтээмжийн сэргэлт гэх зургаан сааруулагч хүчин зүйл Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсныг шийдсэнээр урт хугацаандаа дараах үр өгөөжийг өгнө гэж тооцож байна. Тухайлбал: 

  • Боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин,
  • Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ. 
    Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасч, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болно. 
  • ДНБ 3.6 дахин нэмэгдэж, эдийн засгийн өсөлт тогтмол 6 хувь нэмэгдэнэ

  • “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин томорно гэж тооцоолжээ.

"Шинэ сэргэлтийн бодлого" энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Иймээс судалгааны багт ажилласан судлаач, зөвлөхүүд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-100-120 их наядын хөрөнгөөр Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжинэ гэж байгаа. Үр дүнг яаж тооцож, хүлээж байгаа вэ?

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: 100-120 их наяд төгрөг гэдэг нь эдгээр зургаан төслийн нийт өртөг гэсэн үг. Манай эдийн засаг 40 орчим их наяд төгрөгөнд эргэлддэг. Энэ их мөнгөний бүтээн байгуулалтыг нэг дор хийж чадахгүй нь ойлгомжгүй. Тэгэхээр 10 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжинэ гэсэн үг. Хувийн хэвшил үйл ажиллагаа явуулахад боомилогч хүчин зүйлсийг эдийн засагч нар тодорхойлсон. Эдгээр түгжээг тайлснаар хувийн хэвшил саадгүй бизнес эрхлэх боломжтой болж урт хугацаандаа өгөөжөө өгнө. Хэрэгжүүлэх мөнгөн эх үүсвэрийн тухайд төсвийн эх үүсвэр, гадаадын зээл тусламж, хувийн хэвшил төртэй хамтрах гурван эх үүсвэр бий. Бидний гол баримталж байгаа бодлого аль болох төсвөөр дамжуулахгүйгээр хувийн хэвшлээр дамжаад хөрөнгө оруулалт татахыг зорьж байгаа. Энэ хүрээнд хууль эрх зүйн шинэчлэл хийгээд явж байна.

-Нийтийн тээвэрт төсөвлөсөн хөрөнгөөр яг ямар шинэчлэл хийх вэ?

ЕС-ийн зөвлөх Э.Болормаа: Жил бүр 420 тэрбум төгрөг тавихаар байгаа. Энэ тоог яаж гаргасан бэ гэхээр өмнө нийслэлээс төсөвт бүрдүүлдэг байсан мөнгө нь 420 тэрбум. Тэгэхээр нийслэл энэ мөнгийг татахгүйгээр нийтийн тээвэрт үлдээж,  шинэчлэлийн ажлыг хийнэ.

 -Хотын төвлөрөл нь хөдөө орон нутгийн хөгжлийг хязгаарладаг гэдэг. Тэгвэл яг ямар шийдлээр төвлөрлийг сааруулах вэ?

ҮСХ-ны дарга Б.Батдаваа: Хотын төвлөрлийг сааруулахын тулд орон нутгийн хөгжлийг дэмжих ёстой. Боомтуудыг түшиглэсэн боомтын сэргэлт, үүнийг даган ажлын байр нэмэгдэнэ. Их дээ сургуулийг нүүлгэх асуудал мөн орсон. 2010 онд тооллого хийхэд УБ, Дархан, Орхоноос бусад аймгийн хүн ам буурсан үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн 10 жилд харин хүн ам өссөн. Дунджаар хөдөөгийн өрхийн орлого улсын дунджаас 17 хувь буюу 300 мянган төгрөгөөр бага байгаа. Хөдөөгийн ядуурал 30.5 хувь, хотод ядуурал 26.5 хувь байна. Сумын төвийнхөн нийт дөрвөн хүн тутмын нэгийг алдсан гэхээр 25 хувиа алдсан гэсэн үг. Тэгэхээр яаж хөдөө орон нутаг руу үйлдвэр явуулж, ажлын байр хэрхэн нэмэх вэ гэдэг талаар татварын болон дэд бүтцийн асуудал шинэ сэргэлтийн бодлогод орсон.

-Аж үйлдвэржилтийг бодлогын хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ. Цар тахлын хүрээнд үндэсний үйлдвэрлэл ямар нэг байдлаар импортын бараанаас хамааралтай гэдэг нь ил боллоо. Үүнийг хэрхэн засч, дотоодын жинхэнэ үйлдвэрлэлийг дэмжих вэ?

ҮСХ-ны дарга Б.Батдаваа: Статистикаас харахад экспортын барааны 96.2 хувь нь анхан шатны буюу түүхий эд. Үлдсэн дөрөв орчим хувьд Говь, Гоёо гэхчилэн нэхмэл бүтээгдэхүүн орж ирдэг. Дотооддоо үйлдвэрлээд түүнийгээ хэрэглээд байгаа юм уу гэхээр гаднаас нэг юмуу хоёр шатны боловсруулалт орсон бараа, түүхий эд оруулж ирдэг. Манай дотоодын үйлдвэрлэл импортын бараанаас ихээхэн хамааралтай байна гэсэн үг. Тодруулбал дотоодын үйлдвэрлэлийнхэн нийт орцын 16-35 хувийг импортоор авдаг.

Барилгын салбарын 35 хувийг импортоор авж байна. Үйлдвэрлэлийн сүлжээ, каластр байдлаар хөгжүүлээгүй нь гол шалтгаан болж байна. Энэ нь дотооддоо шингээлт багатай байна гэсэн үг. Иймээс зөв гольдрилд нь оруулах аж үйлдвэрийн сэргэлтэд орсон.