Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 онд хийсэн Хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийллийн судалгааны дүнг танилцууллаа.
Хуралдаанд хуульч, судлаач Г.Түвшинжаргал "Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал" судалгааны талаар ярилаа.
Тэрээр "Өрхийн үйлдвэрлэл, гэрийн ажилд цалин хөлсгүйгээр оролцдог хүүхдүүд их байна. Тухайлбал, 7-9 ба түүнээс дээш цаг ажилладаг хүүхдүүд цөөхөн ч 3 хүртэлх цаг ажилладаг хүүхэд их байна. Хүүхдийг гэрийн ажил их хийлгэснээр сурах, хөгжих, нийгэмших боломж нь алдагдаж байна. Гэрийн ажил 7-оос дээш цаг хийдэг, давхар ажил эрхэлдэг 15-аас дээш насны хэсэг бүлэг хүүхдүүд байна." гэлээ.
Мөн өрхийн үйлдвэрлэлд хөлсгүй оролцдог хүүхдүүд байгааг хэллээ.
Тэрээр "Уламжлалт сэтгэлгээ талаасаа хүүхэд гэрийн ажил хийх ёстой гэсэн үзэл нь хүүхдийн эрхэд нөлөөлөөд байна уу гэсэн хардлага гарсан. Ялангуяа 15-17 насны хүүхдүүд гэрийн ажилд оролцохын хажуугаар давхар ажил эрхлэх нь их байна." гэв. Гэрийн ажил хийх цаг тогтоосон улс орнууд байгааг ч дурдлаа.
ХҮҮХЭД ГЭРИЙН АЖИЛ ХИЙХ, АЖИЛ ХИЙХ ЦАГИЙН ХЯЗГААР
5-11 насны хүүхэд: Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хугацаа 7 хоногт 1 цаг, гэр орны ажилд оролцох хугацаа 7 хоногт 21 цаг байх,
12-14 насны хүүхдэд: Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хугацаа 7 хоногт 14 цаг, цалин хөлсгүй гэр орны ажилд оролцох хугацаа 7 хоногт 21 цаг байх
15-17 насны хүүхдэд: Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хугацаа 7 хоногт 43 цаг, цалин хөлсгүй гэр орны ажилд оролцох хугацааны хязгаар заахгүй байхаар тогтоосон байна.