Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.01.17 14:36
2675
Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй нөхцөлд хүрээд байна

Үндэсний аудитын газраас “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ.

Аудитаар эрчим хүчний салбарын бодлогын уялдаа холбоог хангаагүйн улмаас уг салбарт бодитой, үнэлэхүйц ахиц дэвшил гараагүй байгааг тогтоожээ. Тодруулбал, “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг 2015 онд боловсруулж батлан, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр заасан байсан боловч уг хөтөлбөрийг Засгийн газрын 2018 оны 325 дугаар тогтоолоор баталж, 3 жилийн хугацаа алдсан гэдгийг аудитын тайланд дурджээ.

Үндэсний аудитын газраас холбогдох байгууллага, албан тушаалтнуудад 8 зөвлөмж хүргүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг зөвлөсөн байна.

Төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны уялдаа холбоо хангагдаагүй байна
 
Тухайлбал, Улаанбаатар хотод дулааны шугамын байршилд норм, стандарт зөрчиж шугам дээр 53, 0.5-3.0 метрийн зайд барьсан 147, нийт 200 байгууламж барьсан, “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталж, нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэж, үр дүнгээр 7.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үссэн байна. Энэхүү өр төлбөрийг Сангийн яам, БОАЖЯ төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар шийдвэрлэхгүй байгаа нь яамд хоорондын уялдаа холбоо сул байгааг харуулж байна.
Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилтийг хангах тогтолцооны тухайлбал, хөндлөн чиглэлийн шинжилгээгээр Сангийн яам, БХБЯ, УУХҮЯ, ЗТХЯ, БОАЖЯ хоорондын уялдаа холбоо, оролцоо бүрэн хангагдаагүй, босоо чиглэлийн шинжилгээгээр Засгийн газар нь салбарын тулгамдсан асуудлыг үр дүнд хүрэхүйц байдлаар дэмжиж ажиллаагүй зэргээр харилцан хамаарал алдагдсан байна.
 
Эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах боломжгүйд хүрэх эрсдэлтэй байна
 
Улаанбаатар хотын цахилгаан хангамжид ашигладаг дамжуулах сүлжээний 33 дэд станцаас 28 дэд станц, түгээх сүлжээний 30 дэд станцаас 25 дэд станцууд суурилагдсан хүчин чадалд тулсан, зарим дэд станцуудын хувьд хэтэрсэн байна. Үүний улмаас 2020 онд 288.0 МВт чадал хүссэн 6,851 иргэн, ААНБ-д техникийн нөхцөл олгоогүй байна. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадал 2021 оны 9 дүгээр сарын байдлаар 2,534.0 Гкал/ц, дулааны тооцоот ачаалал 2,992.3 Гкал/ц, техникийн нөхцөл олгосон хүлээгдэж байгаа хэрэглээ 691.0 Гкал/ц-т хүрч, суурилагдсан хүчин чадлаас 1,149.3 Гкал/ц буюу 45.3 хувиар хэтэрсэн байна.
 
УБДС ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн 80 гаруй хувийг эзэлдэг нийт 379.5 км урттай дулааны шугамын 76.0 хувь буюу 288.3 км шугам 0-30 жилийн, 24.0 хувь буюу 91.2 км шугам нь 30-аас дээш жилийн насжилттай, шугамын ашиглалтын хугацаа дууссан байгаа нь хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангахад хүндрэл учруулж, Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФЫГ ХАРААТ БУСААР ТОГТООХ ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙГЭЭС ТАРИФЫГ БҮРЭН ИНДЕКСЖҮҮЛЭЭГҮЙ БАЙНА
Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх ажлыг төрөөс хараат бусаар тогтоох байдал алдагдсанаас салбарыг өрсөлдөөнт зах зээлийн зарчимд шилжүүлэх төрийн бодлогын зорилт хэрэгжихгүй байна. Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журмыг баталснаас хойших хугацаанд эрчим хүчний салбарт үнийн индексжүүлэлтийн тогтолцоо бүрэн үйлчлээгүй, 2014 оноос хойш зөвхөн 3 удаа индексжүүлэлт хийсэн байна. Энэ нь ТЗЭ-ийн үйл ажиллагаанаас хамааралгүйгээр үнийн өсөлтийг давж гарахаар өөрчлөлт болж чадаагүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх” гэж ЭХЗХ-ны бүрэн эрхийг тодорхойлсон ч Засгийн газраас “хууль дээдлэх” зарчмыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх бүрэн эрхэнд нөлөөлж хараат бусаар ажиллаж чадаагүй байна. Иймд Төрөөс тухайлбал, Засгийн газар ЭХЗХ бүрэн эрхээ хараат бусаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ЭХЗХ хэрэглэгчийн эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх, зах зээлийн зарчимд шилжүүлэх бодлогыг иргэдэд дарамт учруулахгүйгээр үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй байна.
 
Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын засаглал үр нөлөөтэй байж чадахгүй байна. 
 
Төрийн өмчит компанийн алдагдал жилд дунджаар 35.7 хувиар нэмэгдэж, 2020 оны байдлаар нийт алдагдал 62.4 тэрбум төгрөг болсон нь эрчим хүчний үнэ тарифыг өртгөөс нь багаар тогтоож байгаатай холбоотой ч Хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн зүгээс сайн засаглалыг бий болгож, өөрийн үйл ажиллагааны зохион байгуулалтаар үр дүнг дээшлүүлж, ил тод, хариуцлагатай, үр нөлөөтэй ажиллах байдал хангалтгүй байна.
Нэгдсэн дулаан хангамжид холбогдоогүй айл өрхүүд илүү зардлаар халаалт, орон байрны дулаанаа шийдвэрлэж байгаа ч амьдралын чанарын хувьд ялгаатай байна. Улсын хэмжээнд дулааны эрчим хүчний хэрэглээний 71.7 хувь нь Улаанбаатар хотын хэрэглэгч эзэлж байна. Улаанбаатар хотод 2021 оны 9 дүгээр сарын байдлаар нийт 1.5 сая хүн ам, 414.3 мянга гаруй айл өрх амьдарч байгаагаас 42 хувь нь гэр хороололд, 58 хувь нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон орон сууцанд амьдарч байна. Өрхүүд дунджаар 11 жил болсон, дундаж хэмжээ нь 47 м.кв сууцанд амьдарч байна.
 
Гэр хорооллын нэг өрх жилд 3 тонн сайжруулсан түлш хэрэглэхэд нийт 450.0 мянган төгрөгийг зарцуулж байна. Харин адил хэмжээтэй орон сууцанд амьдардаг айл өрхийн дулааны төлбөр жилийн 234.2 мянган төгрөг байна.
Хот, хөдөөгийн гэр хороолол, малчин өрх төвлөрсөн дулаанд холбогдсон өрхүүдээс илүү өндөр зардлаар буюу хүйтний улиралд дулааны хэрэгцээгээ хангаж байгаа ч амьдралын чанар ялгаатай байна. Айл өрхийн цахилгааны дундаж тарифыг 28.7 хувиас дээш хувиар нэмсэн тохиолдолд дулааны алдагдлын хөндлөн татаас шингэж эхлэх тул ЭХЗХ хэрэглэгчийн тарифыг индексжүүлэхдээ гэр хорооллын цахилгаан эрчим хүч хэрэглэгч айл өрхүүдийн тарифт дулааны алдагдлын хөндлөн татаас шингэхгүй байхаар тооцоолох нь зүйтэй байна.
 
Эх сурвалж: Үндэсний Аудитын газар