Энэ жилээс эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдсэн. Тодруулбал, 74 төрлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг бүрдүүлсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тайлбарлалаа.
Д.Сумъяабазар: "Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагуудын зүгээс хэм хэмжээндээ тохируулан зөвшөөрөл олгодог нийтдээ 82 төрлийн үйлчилгээ байдаг. Эдгээрээс зайлшгүй авч үлдэх найман төрлийн үйлчилгээнээс бусдыг зөвшөөрөл, батламжаас чөлөөлсөн. Энэхүү 74 төрлийн ажил үйлчилгээ нь манай Улаанбаатар хотын олонх иргэдийн хувьд өдөр тутмын орлогын эх үүсвэр төдийгүй жижиг, дунд үйлдвэрлэгчдийн эрхэлж буй ажил үйлчилгээ багтаж байгаа. Ингэснээр төрийн хүнд суртал, авлигыг багасгахын сацуу ард иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэж, төр иргэний гүүр болж буй байгууллагуудын тухайд ч итгэлцэл үүсэх эв нэгдлийн эхлэл тавигдаж байгаа.
Энэ бол иргэд, аж ахуйн нэгжээ дэмжсэн шиг дэмжье гэдэг сэтгэлийн үүднээс гаргасан шийдвэр. Монгол Улс жил бүрийн эцэст шалгаруулдаг авлигын индексийг бууруулах марафонд дээгүүр “гүйдэг”, амжилттай байр эзэлдэг байх ёстой. Алийн болгон 100-аас доош байрт жагсаж, адаг сүүл хавьд байх вэ. Бид иргэд, аж ахуйн нэгжүүддээ үйл ажиллагаа эрхлэх боломжит орчин бүрдүүлэхийн зэрэгцээ санхүүгийн хямд эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хангаж, арилжаа санхүүгийн байгууллагатай холбож өгөх гүүр нь нийслэл болъё, старт ап компаниудыг дэмжье, ажлын байрыг бодитойгоор нэмэгдүүлье гэсэн зорилго тавьсан. Товчхондоо бол, Улаанбаатар хот хөдөлмөрийн зах зээл болно, хөдөлмөр хийсэн хүнийг дэмждэг болно" гэлээ.
Энэхүү шийдвэр гарснаар Улаанбаатар хотын 20 мянга шахам аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхийн тулд элдэв зөвшөөрөл авах, цаашид зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болсон гэж дүгнэж байгаа аж. Ингэснээр бодит хэмнэлт, үр дүн гарна гэж мэргэжилтнүүд тооцжээ. Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд төрийн зарим байгууллагын зүгээс дарамт шахалт их байдаг. Тэр дундаа цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтууд төвөг учруулдаг. Эдгээр хяналт, шалгалтыг халж чадсан эсэх талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ дараах хариултыг өгөв.
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: "Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар нийслэлийн хэмжээнд хавтгайруулсан хяналт шалгалтыг халж, эрсдэлд суурилсан шалгалтыг л явуулж байхаар тусгасан. Хяналт шалгалт гэдэг бол аюул осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Тиймээс тухайн объектын эрсдэлд суурилж шалгалт явуулахын дээр зөрчил илэрсэн тохиолдолд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх юм. Торгох, үйл ажиллагааг нь зогсоох бус, зөвлөдөг, тусалдаг, дэмждэг байхад ажлаа чиглүүл, хяналт шалгалтын тоог 50 хувиар бууруул гэдэг үүргийг холбогдох албаныханд өгсөн" хэмээн тодотголоо.
Иргэн хүнсний худалдааны төв ажиллуулахад есөн төрлийн бичиг баримт бүрдүүлдэг бөгөөд нэг бичиг баримт байгууллагын дотоод журам, шаардлагаас шалтгаалан 4-5 бичиг болж нэмэгддэг. Гарын үсэг болгоны цаана цаг хугацаа, хүнд суртал, шат дамжлагууд байдаг. Энэ бүхэн үгүй болж, үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл шаардлагагүй болсон нь нэг талаараа бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж буй хэлбэр, нөгөө талаараа иргэдийн дунд түгээмэл ойлголт болсон төрийн хүнд суртал, авлигатай тэмцэхэд ахиц гаргах шийдвэр хэмээн үзэж байгаа аж.
Татварын албанд бүртгүүлж, стандартын шаардлага хангаад, зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаа явуулж болох 74 худалдаа, үйлчилгээний төрөлтэй танилцана уу.
А. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас үзүүлж буй худалдаа, үйлчилгээний гэрээ байгуулж батламж олгож буй 62 нэр төрлийн үйлчилгээ:
Худалдаа:
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:
Ахуйн үйлчилгээ:
Зочлох үйлчилгээ:
Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ:
Авто үйлчилгээ:
Тоглоомын төв:
1.цахим;
2.хүүхдийн,
Нийтийн байрны үйлчилгээ:
Б. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:
В. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС