m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.30 07:36
316
Орос, монгол хэлээр хэвлэсэн “Монгол үсэг, бичгийн дээж” номын нээлт болов

Монголын сурвалж судлалын түүхэнд онцгой хувь нэмэр оруулах нэгэн бүтээл өнөөдөр уншигчдын гарт очлоо. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын эрдэмтэд хамтран уг номыг бүтээсэн байна. Тодруулбал, ОХУ-ын Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, хэл бичгийн шинжлэх ухааны доктор А.Д.Цендина болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын тасгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатар нар "Монгол үсэг бичгийн дээж” номыг бүтээжээ. 

Сурвалж бичиг судлалд үнэтэй хувь нэмэр оруулах уг бүтээлийн судалгааг дөрвөн жил хийсэн бөгөөд орос, монгол хэлээр хэвлүүлснээ өнөөдөр олон нийтэд танилцуулсан юм.

Р.Отгонбаатар: Би эх бичиг сонирхож байсан хүн. Орос, Монголын хамтарсан эрдэм шинжилгээний төслийн хүрээнд Ц.Дамдинсүрэн багшийн охинтой хамтраад энэ бүтээлийг гаргалаа. Санаачилгыг А.Д.Цендина гаргасан. Номонд орсон материалуудыг галиглаад гурван жил болсон. Яг төсөл дуусаад жил болсон. Бид хоёр чамгүй сайн сууж байж номоо орос, монгол хэлээр гаргалаа. Энэ дашрамд уг бүтээлийн маань хэвлэлийн зардлыг гаргасан “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлд талархаж буйгаа илэрхийлье.

Ном бол зургаан бүлэгтэй, монголчууд монгол хэлийг хэрхэн суралцаж байв, төвд хэлийг ашиглан монгол хэлийг хэрхэн суралцаж байв зэрэг сэдвээр нийт 60 орчим эх бичиг дээр үндэслэн гаргасан. Ашиглагдсан материалууд нийтэд түгээгүй ховор баримтууд байгаагаараа онцлогтой.

Анна Цендина: Хоёр улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамтын ажиллагааны төсөл зарлагдах үеэр үүнд гар бие оролцох бодолтой байсан учраас сурвалж бичгийн арвин цуглуулгатай Р.Отгонбаатар эрдэмтэнд санал тавьсан. Миний анзаарч байгаагаар сүүлийн үед Европт монголын сурвалж бичиг судлах ажил сулрах хандлагатай болчихсон юм шиг санагдсан. Манай хуучны сурвалж бичиг судлаачид дэлхийд нэртэй хүмүүс байсан. Одоо залуу судлаачид соёлын антраплогич, нийгмийн антраплогич гэх чиглэл рүү илүү явж байгаа хандлага ажиглагдаж байна. Тиймээс сурвалж бичгийг сайн гаргах нь зөв гэж шийдсэн. Р.Отгонбаатарын цуглуулга, миний аавын цуглуулга дээр тулгуурлаад цаашид бид хоёрт хамтран ажиллах боломж их бий.

Бид онолын том зохиолуудыг судлахаасаа илүүтэй ард түмний дунд яаж хэрэглэгдэж, хэрхэн тархаж, ямар хандлагатай байсныг харуулахыг зорьсон. Түүнчлэн аль болох мэдэгдээгүй, шинэ, ховор зохиолуудыг гаргахыг бодсон. Тиймдээ ч ганц хувь сурвалж бичиг ч орсон байгаа. Сурвалж бичиг гэдэг бүх төрлийн судалгааны суурь болдог, түүнчлэн аман зохиол судлаач, түүхч, угсаатны зүй судлаачдад материал болох болов уу гэж бодож байна. Орос хэлээр гарсан гэдэг утгаараа олон орны монголч эрдэмтэдэд чухал материал болно гэж бодож байна.

Энэ номонд орсон хоёр сурвалж бичгийг онцгойлон дурдмаар байна. Орос, Хятад руу явах гэж байсан энгийн иргэн өөрт хэрэгтэй үгнүүдийг бичиж, тэмдэглэсэн гар бичмэлүүд юм. Жишээлбэл, “ум ма ни бад мэ хум” гэдэг үгийг орос руу “господи помилуй” гэж тэмдэглэсэн байгаа. Хятад руу явж байгаа хүний тэмдэглэл бүр сонирхолтой. “Хятад руу наймаанд явахдаа хэрэглэх үг” гэсэн гарчигтай тэмдэглэл дээр “Ямар үнэтэй вэ”, “хэчнээн үнэтэй вэ” гэсэн үг байхгүй. Оронд нь “Чи нохой нөхөртэй, ийм, тийм” гэсэн хэрүүлийн үг тэмдэглэсэн байгаа. Хятад худалдаачинтай наймаа хийх тэр үеийн онцлогийг үүнээс харж болно.

Энэ номыг Монгол Улсын төрийн гурван удаагийн шагналт, ууган ардын уран зохиолч, академич аавынхаа дурсгалд зориулан бүтээсэн. Миний мэдэхээр аав маань хүүхдүүдээ онц сурах ёстой гэж шахдаггүй байсан. Дунд авахад “Молодец” гэж хэлдэг байсан, тэр зангаараа “Монгол үсэг бичгийн дээж” номыг “Молодец” гэж үнэлэх байсан биз ээ хэмээн ярьсан. 

Үргэлжлүүлэн тэрбээр уг номыг зөвхөн орос хэлээр гаргахаар бэлтгэж байсан ч ивээн тэтгэгчийн хүсэлтээр давхар монгол хэлээр бэлтгэн хэвлүүлснээ хэлсэн.

Номын нээлтэд оролцсон хэл шинжлэлийн эрдэмтэд судалгааны ажилд туйлын ач холбогдолтой энэ бүтээл номын орчин үеийн стандартын дагуу зураг, тэмдэглэгээ, катлоги, мэдээлэлтэй чанартай бүтээл болсныг цохон тэмдэглэж байсан юм.

XX зууны бичгийн агуу хүн, Монгол Улсын төрийн гурван удаагийн шагналт, ууган ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн охин Анна Цендинад номын нээлтийн үеэр ШУА-ийн дээд шагнал  болох “Хубилай хаан” одон гардуулах болсныг дуулгасан бол эрдэмтэн Р.Отгонбаатарыг ССАЖЯ-аас Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулсан.