Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эрүүл мэнд
2022.01.19 13:28
1936
УОК-т иргэдээс ирүүлж буй нийтлэг асуулт, хариулт
УОК-т иргэдээс ирүүлж буй нийтлэг асуулт, хариултыг хүргэж байна. 

-Өвчлөл ихэсвэл хатуу хөл хорио тогтоох уу?
-Засгийн газар, Улсын онцгой комисс хатуу хөл хорио тогтоохгүй.
 
-Нэмэлт 4-р тунг заавал хийлгэх шаардлагатай юу? 
-Омикрон хувилбарын эсрэг вакцины дархлаа үйлчилж байгаа, өмнөх хувилбаруудтай харьцуулахад хөнгөн шинж тэмдэгтэй байна. Тийм учраас вакцины нэмэлт тундаа идэвхитэй хамрагдах шаардлагатай. Суурь өвчтэй, жирэмсэн, бага насны хүүхдүүд болон өндөр настай хүмүүсийн хувьд эрсдэл өндөр, аюултай хэвээр байна. Тийм учраас эрсдэлт бүлгийн иргэд өөрсдийгөө хамгаалах, гэр бүл ойр тойрны хүмүүс тэдгээрийг халдварт өртөхөөс хамгаалах шаардлагатай. Халдварын тархалтын оргил үед аль болох цахимаар зайнаас ажиллах, олон хүнтэй газраар явахгүй байх нь зөв.
 
-Халдвартай нь батлагдвал хамгийн түрүүнд юу хийх вэ? 
-Шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан бол өөрийгөө тусгаарлах, бусдад халдвар тараахаас сэргийлэх. Өрхийн эрүүл мэндийн төвөөс зөвлөгөө авч дархлаа дэмжих, шинж тэмдэгийн эмчилгээг гэрээр хийх. Заавал эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй зөвлөгөө, зөвлөмжийг дагаж хэрэгжүүлэх.
 
-Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ? 
-Цагаан сарын баяраар төрийн байгууллага нийтийн золголт хийхгүй. Иргэд гэртээ баяраа тэмдэглэн өнгөрүүлж, цахимаар золгож, айл хэсэхгүй байх хэрэгтэй. Энэ талаар Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр гарсан.
 
-Байгууллагын ажилтнуудаас халдвар нэг дор ихээр голомтлон гарсан үед ямар арга хэмжээ авах вэ? 
Байгууллага, аж ахуйн нэгж дээр халдварын тохиолдлын тоо ихсэх, голомтлон тархаж байгаа тохиолдолд тухайн байгууллага түр хугацаанд ээлжийн горимд шилжүүлэх, цахимаар зайнаас ажиллуулах зэрэг дотоод зохион байгуулалтаа хийж, арга хэмжээ авах хэрэгтэй.
 
-Түргэвчилсэн шинжилгээ өгөөд эерэг гарсан бол заавал ПСР шинжилгээгээр баталгаажуулах ёстой юу? 
-Шинж тэмдэг илэрсэн, түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан бол дахин ПСР шинжилгээ өгөх шаардлагагүй. Өөрийгөө тусгаарлаж, гэрийн эмчилгээний зөвлөмж зааврыг дагах хэрэгтэй.
Мөн нийслэлийн хэмжээнд 8 дүүргийн 12 эмнэлэг уртасгасан цагаар амбулаторийн үзлэг хийж байгаа. Цагийн хуваарь, байршил ЭМЯ, НЭМГ-ын цахим хуудсанд байрлуулсан.
 
-Омикрон халдвараас хэрхэн сэргийлэх вэ? 
-Халдварын давалгааны оргил үед явагдаж байна. Омикрон хувилбарын халдварлуулах чадвар маш өндөр учир нэг дор олноор цуглах, айлд зочлох, гэртээ зочин урих нь өндөр эрсдэл дагуулна. Энэ үед аль болох амны хаалтаа зүүж, халдвараас өөрийгөө болон ойр тойрны хүмүүсээ хамгаалах хэрэгтэй.
 
-ЕБС-ийн сурагчдын амралтыг 7-14 хоногоор сунгах шийдвэр гарсан уу? 
-УОК, ЭМЯ, БШУЯ хамтран хичээл сургалтын үйл ажиллагааг ямар хэлбэрээр явуулах шийдвэр ирэх 7 хоногт гаргаж нийтэд мэдээлнэ.