Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2022.01.20 16:01
3506
Х.Хашбаатар: Шүүгч З.Болдбаатарт 6 сарын хугацаанд цалингийн 30 хувийн сахилгын шийтгэл ногдуулжээ

Лифтэнд ёс бус үйлдэл гаргасан шүүгч нарын хэргийг өнөөдөр Шүүхийн сахилгын хороогоор авч хэлэлцсэн. Улмаар дараах шийдвэрийг гаргажээ. Өнөөдөр Шүүхийн сахилгын хороо хуралдахтай зэрэгцэн иргэд Ялалтын талбайд цуглан , шударга үнэнг дэнсэлж байдаг шүүгч нарт хариуцлага тооцохыг шаардаж байсан юм. 

Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар:

-Шүүхийн Сахилгын хороо зөвлөлдөөд дараах магадлалыг гаргаж байна. Магадлал бичгэн хэлбэрээр гарахдаа үндэслэлийг дэлгэрэнгүй дурдана. Товч агуулгыг сонсгоё. -Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нарыг Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 27.1.18-д Шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох, Шүүгчийн ёсзүйн дүрмийн 1.3-т заасан Шүүгч нь мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх, 2.3-т Шүүгч нь ёсзүйн зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлс хийнэ гэх заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нотлох баримтыг бүхэлд нь хүлээн авч, шүүгч нар сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

-Шүүгч нарын зөрчлийн хэмжээг харгалзаж, шийтгэлийг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэлээ. Тухайлбал Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас нь огцруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч З.Болдбаатарт 6 сарын хугацаанд 30 хувь цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.

-Магадлал гарснаас хойш 14 хоногийн хугацаанд сахилгын хэргийн оролцогч, гомдол гаргах эрхтэй.