Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2022.01.20 16:26
4877
Хөгжлийн банкнаас 841 тэрбум төгрөг бүхий чанаргүй 26 ААН-ийг зарлалаа

Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 чанаргүй зээлдэгчийг зарлалаа. Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан ч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна.

Тодруулбал,  Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд оржээ.  Улмаар 2014-2019 онд  зээл аваад төлөөгүй 26 компанийг Хөгжлийн банк шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Үүнээс хамгийн том мөнгөн дүнтэй нь “Кью Эс Си” ХХК-ийн төслийн санхүүжилт. Шүүхийн шийдвэрээр нийт тухайн үеийн ханшаар 192.57 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгуулах  болсон. Харин дараах компаниуд бүгд шүүхийн шатанд яваа, чанаргүй зээлдэгч нар юм. 

Шүүхийн шатанд яваа, хугацаа хэтрэлт, торгууль хуримтлагдсан дүнгээр томхон зээлдэгч нараас дурьдвал,

-“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК  хамтран "Шинэ яармаг" төслөөр дамжуулан 117,9 тэрбум төгрөг 

-“Монгол драй милк” ХХК хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр барих төслөөр 50.4 тэрбум төгрөг

-"Эрэл" компани угсармал орон сууц барих төслөөр 106 тэрбум төгрөг

-Чингис хаан банк 37,5 тэрбум төгрөг

-ТОСК-“Хөдөлгөөнт цогцолбор” төсөл -25,6 тэрбум төгрөг

“Монгол мах экспо” ХХК,  “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК нар мах боловсруулах төслөөр 38,6 тэрбум төгрөг

-“Енсада истерн” ХХК экспортод чиглэсэн гурил төслөөр 34,3 тэрбум төгрөгийг тус тус 2014-2019 онуудад зээлсэн ч хугацаандаа  зээлээ төлөөгүйгээс чанаргүй ангилалд орж, шүүхийн шатанд шилжжээ. 

Чанаргүй зээлийн мэдээллийг бүрэн эхээр нь авах бол https://docs.google.com/spreadsheets/d/17HVyBX74rmK_DA69YVr-c09bQx4eaRiz/edit#gid=1640143127