Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.01.26 18:51
4060
“Өргөсөн тангаргаа биелүүлж энхийг сахиулж яваа аав нь өр нимгэн сэтгэлдээ үргэлж хамт шүү үр минь”

ЭНХИЙГ САХИУЛАГЧ ААВ ХҮҮДЭЭ ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ

Мотобуудлагын батальоны Хуягт тээвэрлэгчийн ротын ахлагч Алтангэрэлийн Энхмандах нь албаа нэр төртэй хааж буй нэгэн юм. Тэрээр бяцхан үр Э.Мөнхмандуул нь захиагаар аавдаа бэлэг барижээ. Ахлагч А.Энхмандах нь нийт 5 удаа энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай нэгэн бөгөөд түүний үрээ гэх сэтгэл захианд нь шингэсэн билээ. Та бүхэнд Энхмандахын хүүдээ бичсэн захиаг хүргэж байна. 

        Тэрбээр захиандаа “Сайн байна уу? Аав нь хүүгийнхээ захидлыг хүлээн авлаа. 5 настай хүүгээ эрдэмд ийм сайн суралцаж, сайхан бичиж сурсан мэрийлтэд нь аав нь талархаж байна. Хүүд минь анхны “А” үсэг заасан Х.Ихтамир багшдаа болон гэрийн даалгавар сайн хийлгэсэн ээж А.Батцэцэг, эгч Э.Амин-Эрдэнэ нартаа баярлаж талархсанаа аав нь илэрхийлж байна.
Аав нь хүүгээсээ хэдий хол байгаа ч гэсэн зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байдаг болохоор миний хүү аавыгаа санаж болохгүй шүү. Хэрвээ санаад болохгүй байвал зун аавтайгаа бор даагаа унаад хоёулаа хүсэл мөрөөдлөө ярьж байсан тэр мөчөө дурсан санаарай. Аав нь хүүдээ уншиж өгдөг байсан тэр сайхан шүлгийг санаж байна уу? Яагаа вэ? Хөх мөнхийн уул гээд Ургах нарыг духдаж дүнхийнэ Унах нарыг үүрч ханхайна

Нар нь шингэдэггүй

Навч нь шарладаггүй

Тэр Хөх мөнхийн уул

Миний хүүгийн уул

Амьдралын алганд алдрайхан сайхан хүү заяахад

Адуунаасаа унага ногтолж өгье гэхэд багадаж санагдахаар нь

Тэлмэн зэрэглээн дунд эмнэг адуу шиг цовхчих

Тэр “Хөх мөнх”-ийн уул

Мөнх аваргын уул гээд аав нь хүүдээ уншиж байсан аа тодхон санаж байна.
За ингээд захидлаа өндөрлөе. Аавын хүү онц сураад багш, ээж, эмээ, өвөө, ах, эгч нарынхаа үгэнд сайн ороорой. Хоолоо сайн идээрэй, эрт унтаж байгаарай аав нь хүүдээ хязгааргүй их хайртай шүү.

Өнөр сайхан гэр бүлийнхээ галыг бадамлуулах хүү минь Өвгөдийн үлдээсэн газар шороондоо эзэн суух хөвгүүн минь Өргөсөн тангаргаа биелүүлж энхийг сахиулж яваа аав нь Өр нимгэн сэтгэлдээ үргэлж хамт шүү үр минь ээ. 
       
Хүндэтгэсэн: Аав А.Энхмандах” гэжээ.