Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.01.27 14:35
3570
Гүйцэтгэх удирдлагууд нь Хөгжлийн банкаа, "Хөгжлийн доройтолтой банк" болгожээ

Хөгжлийн банкийг анх Монгол Улсын Засгийн газар 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэсэн. Ингээд 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 чанаргүй зээлдэгчийг зарласан. Тодруулбал,  Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон талаарх мэдээллийг олон нийтэд дэлгээд буй. 

Улмаар 2014-2019 онд  зээл аваад төлөөгүй 26 компанийг Хөгжлийн банк шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Үүнээс хамгийн том мөнгөн дүнтэй нь “Кью Эс Си” ХХК-ийн төслийн санхүүжилт. Шүүхийн шийдвэрээр нийт тухайн үеийн ханшаар 192.57 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгуулах  болсон. Харин дараах компаниуд бүгд шүүхийн шатанд яваа, чанаргүй зээлдэгч нар юм. 

Шүүхийн шатанд яваа, хугацаа хэтрэлт, торгууль хуримтлагдсан дүнгээр томхон зээлдэгч нараас дурьдвал,

-“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК  хамтран "Шинэ яармаг" төслөөр дамжуулан 117,9 тэрбум төгрөг 

-“Монгол драй милк” ХХК хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр барих төслөөр 50.4 тэрбум төгрөг

-"Эрэл" компани угсармал орон сууц барих төслөөр 106 тэрбум төгрөг

-Чингис хаан банк 37,5 тэрбум төгрөг

-ТОСК-“Хөдөлгөөнт цогцолбор” төсөл -25,6 тэрбум төгрөг

“Монгол мах экспо” ХХК,  “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК нар мах боловсруулах төслөөр 38,6 тэрбум төгрөг

-“Енсада истерн” ХХК экспортод чиглэсэн гурил төслөөр 34,3 тэрбум төгрөгийг тус тус 2014-2019 онуудад зээлсэн ч хугацаандаа  зээлээ төлөөгүйгээс чанаргүй ангилалд орж, шүүхийн шатанд шилжжээ. 

Тэгвэл Монгол Улсын Хөгжлийн банкны засаглалын тогтолцоонд Улсын Их Хурал, Засгийн газар, Сангийн яам, Монголбанк, Үндэсний болон олон улсын аудитын байгууллага, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, дотоод аудит, Гүйцэтгэх удирдлага гэсэн институцүүд оролцож, хоорондоо харилцан уялдаа, хяналттай, нэгдмэл удирдлагын хүрээнд ажилладаг гэх.

Гэвч Хөгжлийн банкнаас олгосон 55.3 хувь нь буюу талаас илүү хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон нь тус банкны үе үеийн гүйцэтгэх удирдлагууд хийгээд  ТУЗ, төр нь өөрсдөө ЧАНАРГҮЙ ажилласаны тодоос тод илрэл юм. 

Тэгвэл 2012 оноос хойш 2016 он хүртэлх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж... тус банкинд нийт 3.653.839.974.78 (гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн буюу “их хэмжээний” хохирол учруулсан;

“Худалдаа хөгжлийн банк”-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан тус банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа Хөгжлийн банкинд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан зэрэг хэрэгт тус тус буруутган ялласан хэргүүдийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Н.Мөнхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг.

Тэрбээр ажиллах хугацаандаа банкинд их хэмжээний хохирол учруулаад зогсохгүй 489 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгосон бөгөөд үүссэн өр нь 495 тэрбум төгрөгт хүрээд байна.

Б.Батбаяр, 2016 оны 12 дугаар сарын 7-нд томилогдож, 2019 оны тавдугаар сарын 17 хүртэл ажиллах хугацаандаа 215.5 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд одоогийн байдлаар энэ нь 251 тэрбум төгрөгийн өр үүсгээд байна. 

Тэгвэл 2019 оны тавдугаар сарын 21-нээс тус банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон Г.Амартүвшин нь 6 сар орчим ажиллахдаа 66 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд энэ нь 88 тэрбум төгрөгийн өр болон үлджээ.

Тэрбээр, бодлогын хувьд, улстөрөөс аль болох ангид, хараат бус байж, ингэснээр ашигт үйл ажиллагаа руугаа анхаарч, зээлийн багцын чанар дээр ажиллах талаараа онцолж байлаа.

Гэсэн хэдий ч Ганибалын Амартүвшин гуайн эл үйлдэл булав ч бултайна, дарав ч далдайна гэгчээр хэлсэн ярьсан нь тэнгэр газар шиг зөрж, ашиггүй ажиллаад барахгүй өр шир л үлдээгээд улс төр лүү шургаад алга болсон байна.

Мөн зургаахан сар банкинд эзэн суух үеэрээ ихээхэн хэмжээний зээлийг өөрийн хамсаатан бүхий найз нөхөд, танилдаа олгосон нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авсан явдал юм.

Гэхдээ тухайн зээл олголт 2020 онд гарсан бөгөөд Г.Амартүвшингийн үед шийдвэр нь гарсан гэх. 

“Вертекс майнинг партнер” ХХК-ийн гол хувьцаа эзэмшигч нь “Глобал майнинг сервис” ХХК-ийн захирал Г.Дамдинням бол тус компанийн гүйцэтгэх захирлаар Хассуурийн Хашчимэг ажилладаг болох нь opendata.burtgel.gov.mn цахим хуудаст ил тодхон байна. Х.Хашчимэг нь УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн төрсөн дүү билээ. 

Ийнхүү гүйцэтгэх удирдлагууд нь банкаа дампуурлын ирмэгт түлхдэг Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоо хэрэгжүүлэх нь битгий хэл ХӨГЖЛИЙН ДОРОЙТОЛТОЙ БАНК БОЛЖЭЭ ДЭЭ!!!