УИХ-ын гишүүн
2022.01.28 16:36
11775
Х.ГАНХУЯГ: УУЛ УУРХАЙН САЛБАРТ 33 ТЭРБУМ ГЭДЭГ ИХ МӨНГӨ БИШ...10 ГАРУЙ УУЛЫН МАШИН АВАХ Л САНХҮҮЖИЛТ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа найз Х.Ганхуягийн хамаарал бүхий компанид 33 тэрбумын зээл олгосон.

Тэгвэл 33 тэрбум төгрөгийн зээл авсан компанийн талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас тодрууллаа. 

Тэрбээр " Болсон процесс нь бизнес эрхэлж байхдаа явагдсан процесс. Хоёр дахь удаагаа авсан зээл. Тогтвортой үйл ажиллагаа явуулж манай хамаарал бүхий хүн хоёр дахь удаагаа зээл авсан байдаг. Экспортын чиглэлийн үйл ажиллагаанд зориулсан зээл байсан. Энэ компанийн үйл ажиллагаа нь "Энержи Ресурс" буюу экспортлогч компани дээр хөрс хуулах үйл ажиллагаа явуулдаг. 

Зээлийг авахдаа гурван барьцаа хөрөнгө байршуулсан. Үндсэндээ 90 гаруй тэрбум төгрөгийн барьцаа байршуулж авсан байдаг.  Уул уурхайн салбарт 33 тэрбум гэдэг том санхүүжилт биш л дээ. Энэ нь 10 гаруй уулын машины л санхүүжилт.

Бэлэн мөнгөөр авсан зээл биш. Лизингээр гэсэн үг. Миний санаж байгаагаар 15 хувиа байршуулаад үлдэгдэл төлбөр дээр нь Хөгжлийн банкаар санхүүжилт хийлгэж авсан. 

- Та зээлийг нь хөөцөлдөхөд намаараа дамжуулсан уу?

 Зээл хөөцөлдөхөд өөрөө явж үзээгүй. Хөгжлийн банкинд нэг ч удаа очиж үзээгүй.

Анх 2016 онд забиан лизин гэж байдаг байсан. Одоо бол татан буугдсан. Зибиан лизингээр анхны харилцаа нь үүссэн. Манайх лизингээр л тоног төхөөрөмж авах зорилгоор ханддаг. Тухайн үед 6 билүү 8 тэрбум төгрөг авсан байдаг. Хоёр дахь удаагаа хандахад забиан лизингээс олгох боломжтой хэмжээнээс нь хальсан учир банк руу орсон.

- Одоо хэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна вэ?

- Хөгжлийн банктай холбоотой асуудал яригдаад ирэхээр судалж үзлээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд экспортын  үйл ажиллагаа саатсан, зогссон. Компанийн үйл ажиллагаа 2021 оны 2-р сараас хойш зогссон байна.

 

Гэхдээ үндсэн төлбөр нь 1 дүгээр сараас төлж эхлэх байсан. Тэрийг нь тодорхой хугацаагаар экспорт эхлэхээр төл гэдэг шаардлага тавьсан. Өнөөдрийг хүртэл зээлийн хүүгээ бусад эх үүсвэрээс төлөөд явж байна. Үндсэндээ 8.8 тэрбум төгрөгийн хүү төлсөн. Одоогийн байдлаар чанаргүй гэдэг ангилал руу ороогүй. Хэвийн ангилалд явж байна.