Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.02.10 16:11
4006
Хурдан морины уралдаанд бэлдэж байсан 12 настай хүүхэд мөсөн дээр унаж, моринд өшиглүүлэн дунд чөмгөө хугалжээ

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон байдаг.

Гэтэл сар шинийн баярын өдрүүдэд

- Архангай аймгийн Булган, Ихтамир,

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг,

- Говьсүмбэр аймгийн Баянтал,

- Төв аймгийн Батсүмбэр, Баянжаргалан,

- Дорноговь аймгийн Даланжаргалан,

- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл,

- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хэрлэн суманд хурдан морины бэсрэг болон бооцоот уралдаан зохион байгуулсан байна.

Тэгвэл 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Элстэй гэх газар хурдан морины уралдаанд бэлдэж байсан 12 настай эрэгтэй хүүхэд мөсөн дээр унаж, моринд өшиглүүлэн дунд чөмгөө хугалсан байна.

Иймд холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, сумдын Засаг дарга нарт дээрх асуудлаар үүрэг, чиглэл өгч биелэлтийг хангуулж ажиллах, хууль тогтоомжийг зөрчин хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хууль хяналтын байгууллагад тухай бүр шилжүүлэн шалгуулах зөвлөмжийг бүх аймгийн Засаг нарт ХЭҮК-оос хүргүүлжээ.