"Хөгжлийн банк"-наас зээлийн багцын мэдээллийг олон нийтэд ил тод болгосноор чанаргүй зээлдэгч болон эргэн төлөлтийн төлбөрийн зөрчил үүссэн зээлдэгчдийн жагсаалтыг зарласан. Эдгээр жагсаалт дунд зээлийн эргэн төлөлтөд асуудал үүсч , шүүхэд шилжүүлэхэд тулаад байгаа компанийн жагсаалтад “Империал гоулд майнинг” ХХК орж байна. 2019 онд 16 тэрбум төгрөг зээлж авснаас 86 сая төгрөгийн л зээлийн эргэн төлөлт хийжээ. Гэвч хугацаа хэтэрсэн торгууль, хуримтлагдсан хүү, нийлээд 16 тэрбум 532 сая 141 мянга 155 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэхүү зээлийг тухайн үед “Империал гоулд майнинг” компанийн захирлаар Т.Мөнхбаяр ажиллаж байхдаа авчээ. “Монголиан гоулд резарв”, “Империал гоулд майнинг” гээд цуутай алтны компаниуд бүгд түүний мэдэлд байх.
"Империал гоулд майнинг" компанийн үйл ажиллагааг сонирхвол Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах алтны уурхай. Гэвч уул уурхайн салбартаа мэргэжлийн ёсзүйгүй ажиллаж, хоёр ч хүний алтан амь эрстэж байсан хар түүх 2019 онд бичигджээ. Улмаар МХГ-аас шалгалт хийж уурхайн үйл ажиллагааг акталж, зогсоож байсан ч нууцаар ажиллаж байсан муу нэр луу данстай компани байна.
Түүнийг ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нягт холбоо сүлбээтэй гэдэг. Иймдээ ч “Эрдэнэс Силвер ресурс”-ийн захирлаар томилогдож, хариуд нь ерөнхийлөгчийн санаачилсан ахмадын зээлийг нэг удаад тэглэх санхүүжилтийг “Эрдэнэс Силвер ресурс”-ээс гаргаж байсан удаатай. Мөн захирлаар ажиллахдаа Салхитын мөнгөн ордын 37 сая ам.долларыг угаасан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байсан. Тодруулбал тус компанийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-аас Салхитын мөнгөн ордоос хууль бусаар олсон 37 сая ам доллар буюу 105 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд байршуулж, хүүг нь завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хавтаст хэрэг нээн шалгаж байсан. Гэвч хэрэг тодорхой шийдэгдсэн зүйлгүй холбогдогч этгээд ч ямар нэг хариуцлага хүлээлгүй өнгөрсөн.
"Хөгжлийн банк"-ны асуудал газар авч, АТГ-аас бүх чанаргүй зээлдэгчдийг шалгаж, эхнээс нь үл хөдлөх, газар, гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг акталж эхэлснийг өнөөдөр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцээд 37 сая ам.долларын мөнгө угаасан байж болзошгүй дарагдсан хэргийг ч эргэж сөхөх шум байна. Хэрэг хэзээ ч хуучирдаггүй. Нөгөөтэйгүүр "Хөгжлийн банк”-ны мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж байдгийг Т.Мөнхбаяр захиралд сануулж, зээлээ төлөхийг шаардаж байна.