Өнөөдөр Нийгмийн бодлогын байнгын хороогоор "Тамхины хэрэглээ, хууль эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр тамхины импортын мэдээлэл танилцуулсан юм. Сүүлийн жилүүдэд электрон, шингэн, усан, зажилдаг, уусдаг гэсэн төрөл бүрийн тамхи үйлдвэрлэж, манай залуучууд, өсвөр насныхан эдгээр тамхийг сургууль, олон нийтийн газарт ихээр хэрэглэх болсон. Манай улсад 2019-2020 онд нийт 2047 ширхэг электрон тамхи БНХАУ-аас импортлогдож байсан бол 2021 онд БНХАУ-аас 1сая ширхэг, Кампучи улсаас 1,6сая ширхэг 11 тэрбум гаруй төгрөгний электрон тамхи импортлогдон орж иржээ. Хүн амын хэрэглээ 2 жилийн дотор ингэж их өссөн нь электрон тамхийг дотор болон гадна орчинд хэрэглэж болдог, тамхи үйлдвэрлэгчид янжуур тамхинаас хор багатай, никотингүй, тамхинаас гарахад тусалдаг гэх мэт сурталчилгааг иргэдэд ойлгуулсантай холбоотой. Гэвч электрон тамхи утаат тамхинаас илүү хор уршгийг эрүүл мэндэд үзүүлдэг гэх судалгаа ч бий. Иймээс электрон тамхи худалдаалах орчин, хяналтыг сайжруулах шаардлагатай байгаа юм.