Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.
Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат: Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа авдаг. Сүүлийн 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ шалгалтыг аваагүй цуцлагдсан. Энэ жилийн хувьд монгол хэл, бичгийн шалгалт 400 онооны босготой байна.
Урьдчилсан байдлаар монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөсөн.
Шалгалтаар босго оноогоо давж чадаагүй, эсвэл шалгалтад хамрагдаагүй шалгуулагчдаас ЭЕШ-аас өмнө тавдугаар сард дахин нэг удаа шалгалт авна. Хоёр удаа монгол хэл, бичгийн шалгалтад орж, босго оноогоо давж чадаагүй бол ЭЕШ-д хамрагдах боломжгүй.
ЭЕШ болон Монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудасны хугацаа 2.5 жил хүчинтэй. Элсэлтийн ерөнхий шалгалтыг урьдчилсан байдлаар зургаадугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ жилээс БҮТ-ээс, ЭЕШ-д бүртгүүлж буй шалгуулагчдад зориулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох "Миний мөрөөдөл" сайтыг ашиглалтад оруулсан. Ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангиас эхлүүлээд ажил мэргэжлийн чиг баримжаагаа олж, өөрийгөө олох, танин мэдэх, өөртөө ямар мэргэжил тохиромжтой гэдгээ тест даалгавар байдлаар илрүүлэх, шалгах боломжтой.
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар болно.