Яруу найраг
2022.02.16 14:44
2508
Яруу найрагч М.Цэрэнтогтох: Үр минь төрөх, дуу минь төрөх нь үнэндээ ямар ч ялгаагүй

 

 “Хайрлаж болохуу”, “Гоо марал”, ”Миний ээж хөөрхөн”, “Амь нэгтэй аав охин”, “Жаргалтай явна хоёулаа”, “Шанз торгон аялгуу” зэрэг дууны шүлгийг бичиж, нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээсэн яруу найрагч Мягмарын Цэрэнтогтохтой уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Эмнэлгийн мэргэжилтэн тэрээр 200 гаруй дууны шүлэг бичиж олон нийтэд хүргэжээ.

-Нийтийн дуу гэхээр хүмүүс хөдөөнийхөн сонсдог гэсэн хандлагатай байдаг шүү дээ. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ. Энэ талаар яриагаа эхлүүлэе?

 Монгол түмний дийлэнх масс сонсдог нь үнэн. Нийтийн дуу бол ардын дууны үргэлжлэл юм. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа өөр өөрийн өвөрмөц соёл уламжлалыг бий болгосон байдаг.Тэр дундаа Монгол түмэн  арвин баялаг  түүх, үндэсний өв соёлтой.  Ардын дуу нь монгол хүний авьяас сэтгэлээс ундран гарсан бүтээл. Тухайн үедээ хүн бүрийн аманд аялагдаж сэтгэлд хүрсэн нь гарцаагүй. Тийм ч учраас  үеэс үед оршиж, дуулагдсаар байна. Ингээд л бодохоор нийтийн дууг хөдөөнийхөн гэж ярих нь зохимжгүй. Монгол хүн дуулж, сонсож ирсэн,  хойшид ч дуулах өв соёл юм. Гэхдээ даяаршихын хэрээр барууны хөгжмийн урсгал түрэн орж ирсэн нь нийтийн, ардын дууны сонсогч хумигдаж байгааг үгүйсгэхгүй.

-Таны хувьд дууны шүлэг бичээд удаж байгаа юу?

Яруу найрагч гэх нэр бол асар өндөрт орших хөдөлмөрийн үр дүн, хүндэтгэлтэй нэр юм. Учир нь авьяастай, хүсэл сонирхолтой байж шүлэг, зохиол бичиж хүлээн зөвшөөрөгдөн олон нийт, тухайн салбарынхан дундаа яруу найрагч гэж хүлээн зөвшөөрөгдөх учиртай. Шүлэг найраг сонирхон бичээд 20 гаруй жилийг ардаа үджээ. Гэхдээ би одоо л яруу найрагч боллоо гэж огт бодож байгаагаагүй. Өөрийгөө яруу найрагч гэж хүнд хэлэхээс эмээдэг.

-Тэгвэл шүлэг бичдэг л бол яруу найрагч гэж ойлгож болохгүй гэсэн  үг үү?

Мэдээж шүлэг яруу найргийг онгод, өгөгдсөн авьяасаар бичдэг болохоор яруу найрагч гэж нэрлэх нь зөв. Аливаа зүйлд хариуцлага ямагт дагаж явдаг шүү дээ. Залуу үеийхэн маань энэ сайхан алдрыг  дээдэлж,  хүндэтгэлтэй хандаасай гэж боддог.

-Анхы уран бүтээлийн түүвэр “Аялгуу далласан сэтгэл” номдоо хэдий хугацаанд бичсэн шүлгүүдээ оруулсан бэ?

Миний хувьд хөдөө нутагт төрж, мал ахуйтайгаа ойрхон өссөн эгэл жирийн малчин айлын хүүхэд. Ер бага байхаасаа л үзэг цаас нийлүүлэн оролддог байсан. Тухайн үедээ  бичсэн зүйлээ шүлэг гэж боддоггүй байв. Оюутан болж ирээд хоёрдугаар курсээсээ эхлээд бичсэн шүлгүүдээ дэвтэр дээр эмхэтгэсэн. Бас чөлөөт цагаараа бичсээр л... Их сургуулиа төгсөх жилээ шүлгийн түүвэр, анхны номоо гаргаж байлаа. Тэр  цагаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Номын нэрний тухайд номонд орсон шүлгийн 80-90 хувь нь дуунд зориулан бичсэн шүлгүүд юм.  Сэтгэлдээ шүлгүүд маань сайхан аялгуутай болж дуу болон эгшиглээсэй гэж бодсон болохоор “Аялгуу далласан сэтгэл” гэж нэрлэсэн дээ.

- Нэг дууны шүлгийг хэдий хугацаанд бичдэг юм бол?

Яг  дөрвөн хоног бичнэ ч гэдэг юмуу тогтсон  хугацаа байдаггүй. Өөрийн мэдрэмжээ чагнаж,  бодож  бичдэг. Хүний сэтгэлийн илэрхийлэл болсон баярлаж догдлох, гуниглах ганцаардах, хайрлах энэ бүгд нь уран бүтээл мэндлэх үндэс болдог. Хүмүүс хэн нэгэнд зориулан бичүүлэх тохиолдол цөөнгүй. Үүнийг бичихдээ сайн судалж бичдэг. Богинохон хоромд гарах уран бүтээл байхад  хэдэн жил болсон ч болж өгдөггүй уран бүтээл байдаг.

-Тухайлбал, хэн нэгэнд зориулан бичсэн ямар дууны шүлэг байна вэ?

Цөөнгүй бий. Ээж аавдаа, ханьдаа гээд л. Богинохон хугацаанд өөдөөс нь хараад бичсэн дуу гэвэл “Жаргалын наран чамдаа” гээд уран бүтээл байна. Дуучин Э.Төрмандах дуулсан. Энэ шүлгээ бичсэн цаг үе бол амьдрал маань дөнгөж эхэлж байсан. Ханийн  төрсөн өдөр болоод эд зүйл авч өгөхийн оронд чаддаг зүйлээрээ бэлэг баривал сэтгэлд нь илүү хүрэх болов уу гэж бодсон. Гэртээ сууж байхдаа “...наран мандсан сэтгэлийнх нь

нандин хайранд өлгийдүүлж,

насны ганцхан амьдралдаа

найраг дуутай явна даа...” гээд л мөртүүд орж ирсэн.

-Бусад уран бүтээлээс тань илүү дурсамж дагуулсан шүлгээ нэрлэ гэвэл алийг нь онцлох вэ?

Дуу бүхэн дурсамжтай. Уран бүтээл бүхэн минь надаас төрөн гарсан учир сайн муу гэж ялгаж чадахгүй л боловуу. Сүүлд уран бүтээлийн номоо гаргахаар ажиллаж байна.  Оюутан ахуй цагтаа тухайн үеийн сэтгэгдэл мэдрэмжээр хөглөгдөж “Эрдмээр гэрэлтсэн залуус”  уран бүтээлийн шүлгээ бичсэн. Сургуулийн маань оюутны зөвлөлийн даргаар Л.Нандинчимэг ажиллаж байлаа. Миний хувьд холбоондоо гишүүнээр ажилладаг байв. Нандиад хандаж сургуулийн тухай сайхан сүлд дуу хийе гэсэн санаа гаргаад ярилцаж бичсэн. Аялгууг нь Дэлгэрцогт ахаар хийлгэсэн. Албан ёсоор дуучин дуулаагүй, сургуулийн хэмжээний баяр ёслол, уралдаан тэмцээнд оюутнууд дуулдаг. Цагаан халаадаар гоёж, ирээдүйд эх орныхоо эрүүл энхийн төлөө үйлсээ зориулах бодлоор хөглөгдсөн оюутан нас дурсамж дүүрэн.   

-Шинэ уран бүтээлээ өлгийдөн авах мэдрэмжээ илэрхийлнэ үү?

Уран бүтээлч хүний хамгийн жаргалтай мөч бол шинэ уран бүтээлээ хүлээж авах байдаг юм. Үр минь төрөх, дуу минь төрөх, үнэндээ ямар ч ялгаагүй. Гэр бүлд шинэ хүн нэмэгдэхэд ямар их аз жаргал, баяр баясгалантай байдаг билээ. Яг үүнтэй уран бүтээл төрөх нь ижилхэн.

-Бусдын уран бүтээлтэй үг, аялгуу давхцах тохиолдол байдаг уу?

Давхцах боломжтой юм билээ. Яруу найрагч, хөгжмийн зохиолч хүн маш их судалгаа хийдэг байх ёстой. Өмнөх үеийнхий хийсэн уран бүтээлийн санаа, аялгууг нь давхардуулахгүй орчин үе, нийгэмтэйгээ уялдуулж гаргах зөв. Өөрт нэг уран бүтээлийн санаа төрлөө гэж бодоход энэ сэдвээр өмнө нь ямар уран бүтээлүүд гарч байж гэдгийг судлах хэрэгтэй.

-Дуучин Э.Оюун-Эрдэнэ дуулж олонд хүргэсэн “Ээж боллоо ээжээ” дууны үг аяыг та зохиосон байдаг. Дууны ая хэдийг зохиосон бэ?

Энэ нь миний хамгийн анх дуунд ая зохисон тохиолдол байсан. Дууны шүлэг бичихийн онцлог нь нэгдүгээр бадагтаа дараагийн бадгууд нь захирагдан хайрцаглаж бичдэг. Ямар нэгэн ая амандаа аялаад бичих нь илүү амар. Учир нь хөгжмийн зохиолчид очиход үг илүүдэж дутах нь бага гардаг.  “Ээж боллоо ээжээ” уран бүтээлийн хувьд хөгжмийн зохиолч ах руу явуулаад аялгуу хийлгэсэн. Оюун-Эрдэнэ дуучин “Шүлэг бол үнэхээр таалагдаж байна, харин аялгуу нь арай өөр баймаар байна” гэлээ. Шүлгээ бичихдээ аялаж бичсэн аялгуугаа явуултал “Яг л ийм аятай баймаар миний бодож байсан ая байна”  гэсэн. Тэгээд л санаандгүй байдлаар дууны ая зохиосон/инээв/. Түүнээс хойш “Гайхамшиг” хэмээх уран бүтээлийн шүлэг, аяыг нь зохиосон байгаа. Энэ нь хоёрдахь нь байсан.

-200 гаруй дууны шүлэг бичсэн гэж сонссон. Дууны шүлгээрээ нийгэмд юу хүргэхийг зорьдог вэ?

Уран бүтээлийн тоонд ач холбогдол өгөх нь буруу байх.  Миний нэг бадаг шүлгээс ухаарлын ганцхан ч болов зүйлийг бодож тунгаагаасай гэж хүсдэг.  Дуу бол хүний сэтгэлд хүчтэй хүрч байдаг. Яруу сайхныг бодож тунгаах бус нээрээ тийм шүү, тэгэх хэрэгтэй гэсэн сэдлийг л авч байвал миний шүлэг бичиж байгаа зорилго биелж байгаа юм. Нөгөө талаараа олон түмний сэтгэлийг гэрэлтүүлэх  үүрэг маань давхар явж байдаг.

-Хамтарч ажилладаг уран бүтээлчдийнхээ тухайд яривал?

Нэг ч бай арав ч бай хамтран ураг бүтээл хийсэн бүх хөгжмийн зохиолчидтойгоо гар нийлдэг гэсэн үг. Олон хөгжмийн зохиолч, дуучинтай хамтарч ажилладаг. Хамгийн анх Хонгор нутгийнхаа П.Буянжаргал ахтайгаа хамтарсан. Бид 50 гаруй дуунд хамтарч ажиллажээ. Мөн хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ахтай хамтран 50-аад дуу гаргаад байна.

-Ямар үед уран бүтээлээсээ бусад үеэсээ илүү эрч хүч авдаг вэ?

Уран бүтээлч хүн бүрийн, ялангуяа урлагийнхны тухайд бүрэн хэмжээний  тоглолтоо хийх нь эрч хүчээ сэлбэдэг. Миний хувьд 2017, 2018 онд Монгол бөхийн өргөөнд хоёр удаагийн уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн. Эдгээр он жилүүд уран бүтээлийн олз омог ихтэй жил байлаа. Тэр үед илүү ихийг хийх хүсэлд хөтлөгдөж, урам зориг авч, эрч хүчээ сэлбэсэн гэхэд болно. Уран бүтээлүүдээ цэгцлээд тоглолтонд 30 дуутай болгохоор төлөвлөхөд ихэнх нь ээжийн тухай дуу байсан. Тэгээд л “Миний ээж хамгийн хөөрхөн” гэж нэрлэсэн. Дараагийн 2018 оны тоглолт бас онцлогтой. Учир нь “Гоо марал” дуу маань олон түмэнд сайхан хүрч байсан цаг үе. Хайрын тухай  дуу давамгайлсан маш сайхан тоглолт болсон.