Сэтгэл зүйн триллер төрлийн бүтээл “ЭТГЭЭД” УСК кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийгээд удаагүй байна. Хэдий тийм болов ч үзэгчдийн хүртээл болж, тэдний талархлыг хүлээн, Монгол киноны хөгжлийн шатыг ахиулсан, гайхалтай бүтээл болжээ хэмээх үнэлгээг аваад байгаа юм. “ЭТГЭЭД” УСК нь зураглаач, найруулагч Б.Баатарын анхны бие даан хийсэн уран бүтээл билээ. Зураг авалт, өнгөний тавилт, дуугаралт, хөгжим, жүжигчдийн нийлэмж гээд мэргэжлийнхний зүгээс тус кинонд өгч байгаа дүгнэлтүүд цахим орчинд хөвөрсөөр байна. Бид тэдгээр сэтгэгдлүүдийн заримаас нь онцлон хүргэхээр шийдлээ. Тухайлбал, цахим орчинд нөлөө бүхий, олон дагагчтай, мэргэжлийн кино шүүмжлэгч Мөнгөн “ЭТГЭЭД” УСК –нд 3/5 гэсэн үнэлгээ өгч, өөрийн шүүмжээ нийтэлсэн нь үзэгч, уншигчдын сонирхлыг татжээ. Түүний сэтгэгдэлээс хүргэвэл:“… зураг авалтын “тавилт” бүрийг хэн нэгэн нь үнэхээр бүтээлч бядаа дайчлаад зохиомжилж зурсан нь мэдрэгдэх зураглал, “лагер дээр салхилангаа хийчихсэн кино контентуудаа” гэх сиймхий сэжгийг хэзээ ч үл төрүүлэх сонирхолтой шийдэлтэй зураг авалт, үзэгчдийг бодол таамгаа бүрдүүлэн тунгаах боломжоор хангах “нээлттэй” мөртлөө цаанаа л нэг “эвгүй” бас учир битүүлэг дүрүүд нь “Этгээд” дотор чухам юу болох гээд байгааг ухан дэлгэх хүслийг алхам алхмаар оволзуулж эхэлсэн юм…”, “… Этгээд” үндсэндээ гуравхан дүртэй боловч тэднийг үзэхэд уйдах завдал үгүй. Дотоодын ихэнх кинонд “Энэ дарга нь, энэ далжгар нь, энэ донтой нь, энэ күүл ах нь, энэ секси хүүхэн нь, тэгээд энэ нь…” гэх мэтээр бүтэн өгүүлбэр битгий хэл ганцхан үгээр тодорхойлж болохуйц өнгөц (shallow) байх нь түгээмэл бол “Этгээд”-ийн гол дүрүүд нүүрэнд илэрч буйгаасаа далд давхар мөн чанартай, киноны явцад илэрч танигдах нэгээс олон шинж чанартай байсан нь сонирхолтой байлаа…”хэмээн онцолсон байв.