Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид болоод авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан хэрэгт холбогдоод буй нэр бүхий байгууллага, иргэдийг АТГ болон хууль хүчний байгууллагаас шалгаж буй.
Тэгвэл шалгалтын явцад "Кью Эс Си", "Хөтөл" компанийн авсан зээлээр Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкны зээлийг төлж зориулалтын бусаар ашигласныг АТГ тогтоожээ.
2012 оны аравдугаар сарын 10-нд Хөгжлийн банкнаас 61.25 сая ам.долларын зээл авсан "Хөтөл" компанийн ТУЗ нь Д.Эрдэнэбилэгтэй холбогдож буй. "Кью Эс Си" компанийг 2014 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн Банкнаас 71.3 сая ам.долларын зээл авах үед Д.Эрдэнэбилэг ХХБ-ны ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байсан аж.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөгжлийн банкны шалгалтын явцын талаар хэвлэлд мэдээлэл өгөхдөө; "Хөгжлийн Банкнаас зээл аваад арилжааны банкны зээлээ төлсөн тохиолдол байна. Хэдэн зуун тэрбум төгрөгийг аваад чанаргүй зээлээ төлсөн байна" гэдгийг хэлсэн.