Орон нутаг
2022.02.25 22:24
3201
СЭЛЭНГЭ АЙМАГ 2030 ОН ГЭХЭД 20 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛНА

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд "Нэг тэрбум мод- Сэлэнгэ аймагт" зөвлөгөөн болж,  Байгаль Орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар оролцлоо.



   Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар "Засгийн газарт чиглэл өгөх тухай" 58 дугаар зарлигийг 2021.10.04-ний өдөр зарласан.
  Энэхүү хөдөлгөөнийг Сэлэнгэ аймгийн удирдлагууд болон нийт ард иргэд нэг мод нэг доллар гэж үнэлж, аймагтаа хэрэгжүүлэх болсон байна. Сэлэнгэ аймаг нь 1973 оноос ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг тасралтгүй хийсээр ирсэн туршлагатай бөгөөд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд сурагч, хүүхэд багачуудыг татан оролцуулж тэдний байгаль хамгаалах, Монгол уламжлалыг хөгжүүлэх дадал зуршлыг төлөвшүүлэх зорилготой байгаа юм. Мөн аймгийн хэмжээнд 17 сумын 60 иргэн, аж ахуйн нэгж 20 гаруй төрлийн 8 сая ширхэг тарьц, суулгац бойжуулан ургуулж байна. Сэлэнгэ аймаг нь 2030 он гэхэд 20 сая ширхэг мод тарьж ургуулахаас гадна бусад аймаг орон нутагт шаардлагатай байгаа тарьц, суулгацаар ханган "ниилүүлэгч аймаг" болохоор зорьж байна.
Дээрх хөдөлгөөнийг хэрэгжүүлэхийн тулд төр хувийн хэвшлийн түншлэл хамтарч ажиллах, хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэх, үр тарьц суулгацын нөөц бүрдүүлэх, агро-ойн аж ахуйг хөгжүүлэх гэх мэт ажлууд нэн шаардлагатай байгаа юм.