Орон нутаг
2022.02.28 13:18
2775
ДАРХАН-УУЛ АЙМАГТ АГААРЫН БОХИРДОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

    Энэ сарын 25-27-ны өдрүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ “ орон нутгаар явж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх ажлуудтай танилцлаа. Томилолтын хамгийн сүүлийн өдөр Дархан-Уул аймгийн нутгийн удирдлагууд, иргэн, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж “Ногоон дархан 2032” хөтөлбөр болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан юм.
 
  

"НОГООН ДАРХАН-2032" хөтөлбөрийг Төр, Иргэн, ААН, Байгууллагын хамтын ажиллагаа, оролцоо дэмжлэгээр хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд 16 байршилд нийт 1000 орчим га газарт 20 сая мод тарина. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд мод үржүүлдэг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах, иргэдийг татан оролцуулах шаардлагатай. Ялангуяа тэдний борлуулалтын ажлыг дэмжиж өгөх нь чухал гэдгийг онцоллоо. Тус аймагт өнгөрсөн оны намар, хавар модны тарьц суулгацын худалдааг зохион байгуулж давхацсан тоогоор 27 иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож, 3052 мод, бут, цэцэг худалдаж 23,5 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байдаг.





Мөн аймгийн БОАЖ-ын салбарын байгууллагууд олон асуудал дэвшүүлсний нэг нь агаарын бохирдол юм.
Дархан-уул аймагт түүхий нүүрсний хэрэглээтэй холбоотой өвлийн улиралд нэмэгддэг гол бохирдуулагч нь тоосонцор болсон байна. MNS4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 1.7-2 дахин давсан бохирдолтой.  2017-2019 онд хоногийн дундаж нь хүлцэх агууламжаас жилийн нийт хэмжилтийн 34%-д давж бохирдсон гэж аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Нэг га ой мод, сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг тул дээрх асуудлыг шийдвэрлэхэд “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн ач холбогдол их гэдгийг Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга С.Алтандолгион хэлсэн юм.