Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Зориг агсны хэрэгт холбогдуулан эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан гэх ТЕГ-ын тасгийн дарга асан, хурандаа О.Бархасбадид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 10:00 цагт эхэллээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр О.Бархасбадийг цагаатгах тогтоол гаргасан байна. Гэвч хохирогчдын гомдлоор давж заалдах шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 25-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаажээ.
Өнөөдрийн хуралдаанд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор оролцоно. Тэд өнгөрсөн оны тавдугаар сард батлан даалтад гарсан юм.