Багш мэргэжилтэй завгүй ч өөрийн хүсэл сонирхлын дагуу 12 жил тогтмол бүтээлээ урласан Б.Оюун-Эрдэнэтэй зүү ороох дайлан урлалын талаар ярилцлаа.
- Сайн байна уу. Та зүү ороох оёдлоор даалин урлаад хэдэн жил болж байна вэ?
-Би 2010 оноос эхлэн бүтээлээ урласан. Одоогоор 12 жил болж байна. Энэ хугацаанд олон даалин хийсэн. Гэр бүл, үр хүүхдүүдээ бүгдийг нь даалинтай болгосон. Би гурван багштай. Хамгийн анхны даалингаа ханьдаа оёж өгч байлаа. Өнгөрсөн хөл хорионы үеэр гэртээ байх үедээ олон бүтээл хийсэн. Ер нь үргэлж оёсоор л байдаг. Ажлаа тарж, гэртээ очоод 1-2 цаг төвлөрч даалингаа оёдог. Би цахим орчинд зүү ороож бүтээл хийдэг олон найзуудтай. Бид нэгнээсээ олон зүйлийг суралцаж, хуваалцдаг.
-Нэг даалин хийхэд дунджаар хэдий хугацаа зарцуулдаг вэ?
-Доод талын хугацаа нь дунджаар 7-20 хоног байдаг. Оёдол ихтэй даалин бол 2-3 сар болдог. Даалин хийх хугацаа бол харилцан адилгүй өөр байна. Миний хувьд ажлынхаа чөлөө заваар оёдог. Захиалгаар хийж буй бүтээлээ аль болох хурдан оёж өгөхийг хичээдэг. Бас хээ, угалзнаас нь нь хамаарч хугацаа нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал амьтан дүрс болон нарийн чимхлүүр ажиллагаа шаарддаг хээнүүд цаг хугацаа их ордог шүү.
- Цаг хугацаа зарцуулж оёсон бүтээлүүдээ хэдээр худалдаалдаг вэ?
- Анх нэг сая төгрөгөөр зарж байлаа. Түүнээсээ урам зориг маш их авсан. Даалингаа хэдээр зарах нь хээ оёдлоос ихээхэн хамаардаг. Булантай даалингууд арай үнэтэй. Бас цаг хугацаа их ордог. Харин захиалгаар бол таван зуун мянгаас нэг сая таван зуун мянган төгрөгийн хооронд байдаг. Би өөрөө цахим орчинд “Ганган эрээн даалин” гээд пэйж хуудас хөтөлдөг. Түүгээрээ дамжуулан хийсэн бүтээлээрээ захиалга авч борлуулдаг юм. Мөн бусдад бэлдэц гаргаж өгдөг.
- Та 12 жилийн хугацаанд хэдэн бүтээл урласан бэ?
-Яг нарийн тоолж үзээгүй. Байнга оёдоггүй болохоор 50 гаруй бүтээл л бий. Хөөрөгний даалин өөрөө гар ажиллагаа шаарддаг, амаргүй бүтээл юм. Хүн өөрөө дуртай, идэвхи зүтгэлтэй бол суралцаад, өөрийгөө хөгжүүлээд явдаг.
-Хамгийн хурдан оёсон даалингийнхаа талаар ?
-Оёдол багатай даалинг бол 7 хоног оёсон тохиолдол байдаг. Хурдан удаан оёх олон зүйлээс хамаардаг. Тухайн үеийн орчин нөхцөл ч чухал нөлөөтэй.
-Даалин урлаж буй хүн олон талын мэдлэг олж авдаг уу?
Тэгэлгүй яахав. Зүү ороох оёдол бол Монголын өв соёлын нэг хэсэг. Хээ бүр нь бэлгэдэлтэй. Түүх уламжлалын олон талт мэдлэгийг давхар суралцдаг гэж ойлгож болно. Бас бусад оёдлоос арай илүү мэдлэг шаарддаг. Амьтан оёхдоо нарийн утсаар оёно. Өнгөний зохицол, дүрслэл чухал. Хээ нь өнцөг булан гаргахдаа бага зэргийн техниктэй. Хүнийг төлөвшүүлнэ, тэвчээрт суралцуулах, хөгжүүлэх гээд олон эерэг нөлөөтэй. Өнгөний бэлэгдлийг ч мэдэх шаардлага гардаг. Дулаан хүйтэн өнгөний зохицлыг мэддэг байх хэрэгтэй. Шар өнгө гэхэд эрдэм оюуны өнгө. Гэрэл гэгээ, итгэл найдвар, эрэлхэг зориг, бадрангуй байдлыг илэрхийлдэг.
- Хөөрөгний даалин хийхэд анхаарах зүйл юу вэ?
Материал сайтай даалин өвлөгдөх учир олон жилийн эдэлгээтэй байх ёстой. Хээний зохицол их утга учиртай. Мэдээж урлаж буй хүний мэдрэмж бас чухал.
- Хамгийн сүүлд ямар бүтээл урласан бэ?
- Сүүлд шаргал өнгийн хос даалин, хавтгатай нь урлалаа. Тухайн бүтээлдээ маш их цаг хугацаа, мэдрэмж, ур чадвараа зориулан бүтээсэн. Загасан нуруу, зүү ороох, боржигон оёдлууд орсон. Даалин урлаж буй хүн гэгээлэг сэтгэлээр сайн сайхан зүйлийг бодож урлавал эзэндээ ээлтэй хэмээн билэгддэг. Яг одоо арьсан хавтга урлаж эхлээд байна.
-Цаашдын зорилгоосоо манай уншигчидтай хуваалцахгүй юу?
Залуу охидууд даалин их оёдог болсон. Энэ нь үнэхээр бахархууштай. Би анх бэлэн бэлдэц худалдаж аваад оёдог байсан. Харин одоо шат ахиж, суралцаад явж байна. Төлөвлөсөн зүйл олон байна. Гэхдээ цэцэрлэгийн багш учир зав багатай байдаг. Цаашид өөрийн гэсэн урлантай болох зорилготой. Миний хувьд зүү ороох оёдлоор бүтээл хийхээ хэзээ ч орхихгүй. Илүү олон зүйлийг сурч, хөгжсөөр байх болно. Даалин урлахдаа цаг хугацаа хэзээ ч харамсдаггүй.