Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол оронд жилд ажиглагдах цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал, түүний эрчим нэмэгдэж байгаа аж. 2021 оны 3 дугаар сарын 13–15–ны өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар салхины хурд секундэд 16–24 метр, зарим үед 35 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан. Энэхүү хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас 10 хүний амь нас хохирч, 1 тэрбум 322 сая 900 мянга төгрөгийн мал сүрэг болон эд материалын хохирол учирч байсан.
Тэгвэл жилийн өмнөх ширүүн шороон болон цасан шуурга энэ жил дахин давтагдах төлөвтэй байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Энэ сард салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 14–16 м/с, зарим үед 18–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.Иймд хүчтэй цасан болон шороон шуурганы эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбоотой ард иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухайд нь авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
3-р сарын агаарын температурын тухайд нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4°С–аар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 2–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.