Эрүүл мэнд
2022.03.01 15:45
3052
Дотоод орчны агаарын бохирдол УРАГТ сөргөөр нөлөөлдөг

Манай улсын төр засгаас гадаад орчны  агаарын бохирдолтойгоо сүүлийн хориод жил тэмцэж, 2021 оны байдлаар 456,1 тэрбум төгрөг зарцуулаад байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд орон байрны дотоод орчны агаарын бохирдлыг огт тоогоогүй гэхэд хилсдэхгүй .

Бидний ач холбогдол өгөөгүй дотоод орчны агаарын бохирдлын улмаас дэлхий дахинаа жил  бүр 4,3 сая хүн нас бардаг бол дэлхий даяар нийт нас баралтын 8 тохиолдол тутмын 1 нь агаарын бохирдлоос шалтгаалж байна. Мөн дотоод орчны агаарын бохирдол нь ураг дутуу төрөх эрсдлийг үүсгэх шалтгаануудын нэг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ.

Нүдэнд харагддаггүй орон байрны дотоод орчны агаарын бохирдол яагаад ийм хоруу чанартай байгаагийн хариулт нь  гадаад орчны бохирдлоос 2-5 дахин их байдагтай холбоотой. Гэтэл хүмүүс амьдралынхаа 90 хувийг ажил, гэр болон бусад дотор орчинд өнгөрөөдөг. Энэ тоо баримтыг хараад  та орон байрны дотоод орчны бохирдол гэж чухам болох, хэрхэн урьдчилан сэргийлэх  талаар мэдэхийг хүсэж байгаа болов уу ?

Орон байрны дотоод орчны агаарын бохирдол гэж юу вэ ?

Товчхондоо дотор орчны агаарын бохирдол гэдэг нь орон байр гэр доторх агаарын чанарын хэмжээ хүлцэх байдлаас давж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээнд хүрэхийг хэлнэ. Ерөнхийдөө ямар ч зориулалтын байр сууцаас үл хамааран тоос, тоосонцор, дэгдэмхий органик бус нэгдлүүд,химийн бодисууд, биологийн гаралтай бохирдуулагч гэх мэт орон байрыг барихад хэрэглэдэг. Ингэж баригдсан байр сууцан  дотор нь ашиглаж байгаа бүхнээс л дотор орчны агаарын бохирдол үүсэж байгаа гэсэн үг.

Дотор орчны агаарын чанар муу байгааг төвөггүй мэдэх боломжтой

  • Хоолой сэрвэгнэх ханиалгах,
  • Нүд аргах, загатнах
  • Толгой өвдөх
  • Гэрийн тавилга дээр тоос тогтож байвал дотор орчны агаарын бохирдол хүлцэх хэмжээ давсныг илтгэж байгаа юм. 

 

Дотор орчны агаарын бохирдлын ” хохирогчид “

АШУҮИС-ийн НЭМС-ийн эрдэмтэн багш нар “Агаарын бохирдлын  ургийн жин, амьгүй ба дутуу төрөлтөд үзүүлж буй нөлөөлөл”-өөр 2013-2015 онд судалгаа хийсэн байна. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч бодисуудын ихэссэн агууламж нь ургийн жинг бууруулахад нөлөөлж байгааг тогтоожээ. Дутуу төрөлтийн түвшинг судлахад 1000 амьд төрөлтөд 15.5 байсан бөгөөд дутуу төрөлт хавар ихсэх хандлагатай байгаа аж. Хүхрийн давхар исэл ба том ширхэгт тоосонцрын бохирдол нөлөөлснөөр ураг хэвийн хугацаанаас 12.1 долоо хоног ба 8.89 долоо хоногийн өмнө дутуу төрөх магадлалтай байна. Жирэмсэн эхчүүдийн дутуу төрөлтөнд нөлөөлж байгаа давхар исэл, тоосонцорын бохирдол дотоод орчинд гаднахаас 2-5 дахин их байдгийг дээр дурьдсанаа дахин сануулья.

Орон байрны дотор орчны агаарын бохирдлоос ингэж сэргийлнэ

Орон байрны дотор орчны агаарын бохирдлоос сэргийлэх зөвлөмж :

  • Гэрээ ухаалгаар агааржуулах
  • Цонхондоо агаар шүүгч суулгах
  • Гадна орчны агаарын бохирдол багатай үед өрөөнийхөө агаарын сэлгэх
  • Дотор орчны агаарын бохирдлын хэмжээг хянах
  • Ногоон ургамал тарих
  • Дасгал хөдөлгөөн хийх зэргийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эцэст нь зөвхөн жирэмсэн эхчүүд гэлтгүй гэртээ байнга байдаг ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс болон бага насныханы эрүүл мэндэд бодитой аюул учруулдаг дотор орчны агаарын бохирдлын эсрэг бодлогын түвшинд хийгдэх ажлууд асар их байгааг Монгол улсын засгийн газарт уламжилья.