Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2022.03.03 15:12
8681
Б.Амарсанаа: Ёс зүйн зөрчил гэдгээс илүү хүмүүний харилцааны хэм хэмжээг зөрчсөн учраас сургуулиас хасах арга хэмжээ авч байна

Сошил орчинд үүссэн бусдын толгой дээр кофе асгасан бичлэгээс үүдэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хуулийн ангийн оюутан Б.Ариунзаяаг сургуулиас нь хасах шийдвэрийг тус сургуулийн удирдлагаас гаргалаа. 

Захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Амарсанаа: Ёс зүйн зөрчил гэдгээс илүү хүмүүний харилцааны наад захын хэм хэмжээг зөрчсөн учраас ийм арга хэмжээ авч байна

“Өчигдөр сургуулийн удирдлагууд энэ асуудлыг мэдэж, асуудал бодитой юу үгүй гэдгийг нягтлан, ул суурьтай авч хэлэлцлээ. Улмаар Хууль зүйн сургуулиас тухайн оюутныг хасах саналыг хүргүүлж байна. Хүмүүнлэг ёсны харилцааны наад захын хэм хэмжээг ноцтойгоор зөрчсөн гэж үзсэнээс хасах санал гаргалаа. Оюутнуудын ёс суртахуун, хуульчийн мэргэжлийн удиртгал хичээлийг сэргээх, хуульчийн мэргэжил гэдэг ямар чухал нийгэмд нөлөө үзүүлдэг талаар сэргээн оруулах талаар ярилцлаа. Гэм буруутай нь тогтоогдохоос өмнө гэм буруутайд үзэн хаслаа гэх шүүмжлэл байна. Суралцагчтай байгуулсан гэрээний хүрээнд МУИС-ийн дүрэм журмыг биелүүлэх ёстой гэсэн заалт бий. Дүрэм журмыг ноцтой зөрчвөл оюутныг сургуулиас хасах  шийдвэр гэрээндээ хатуу заасныг оюутан зөвшөөрч гарын үсэг зурсан.  Энэ асуудалд бид системтэй байдлаар хандана. Хуулийн сургуульд элсэх үеэс нь эхлээд сонгон шалгаруулалт, зөв хүн байх шалгуур тавих ёстой юм байна гэдэг сургамж авч байна. Тухайн оюутан элсэлтийн оноогоор элсэн суралцсан.  Тухайн оюутантай холбогдохыг хичээсэн. Утсаа авахгүй байгаа. Суралцагч бүрт сургуулийн өргөтгөлтэй мэйл хаяг руу нь мэдэгдэл илгээж, утсанд нь мэссэж явуулсан.  Бид тухайн оюутны талаар авч хэлэлцэж байна. Өөрийгөө зөвтгөх мэдээлэл ирж өгөх боломжтой, яаралтай ирж уулзаач ээ  гэж холбогдохыг хүссэн ч холбогдож чадаагүй. Бид тал талаас нь авч үзсэн. Ёс зүйн зөрчил гэдгээс илүү хүмүүний харилцааны наад захын хэм хэмжээг зөрчсөн учраас ийм арга хэмжээ авч байна.

МУИС-ийн хүндэт доктор, академич С.Нарангэрэл: Өмгөөлөгч болоод хэрэг шийдвэрлэнэ гэсэн итгэл найдвар алдагдсан учраас ийм шийдвэр гаргаж байна

“Өмгөөлөгч болоод хэрэг шийдвэрлэнэ гэсэн итгэл найдвар алдагдсан учраас ийм шийдвэр гаргаж байна. Энд бид сургамж авч, эх орны өнцөг булан бүрээс хуульч болохоор сэтгэл зүрх өвөртлөн ирсэн сайхан залуучуудын сэтгэл зүрхийг яаж бэлдэх юм бэ. Заах хичээл бүртээ хуульчийн ёс зүйг уураг тархинд нь шингээж өгөх хэрэгтэй. Намайг удирдах хугацаанд дүнгээ зассан гэх юм уу хэд хэдэн оюутныг сургуулиас хасч байсан. Тийм болохоор энэ бол МУИС-ийн Хууль зүйн сургуулийн байнгын анхааралдаа авах асуудал. Ирээдүйн хуульчдыг бид бэлдэж байгаа учраас тэр юм" гэлээ.