Орон нутаг
2022.03.03 15:50
2326
БАЯНХОНГОР АЙМАГТ 20 САЯ МОД ТАРИХАД 35000 ХҮН АЖЛЫН БАЙРТАЙ БОЛНО

Энэ сарын 1-ний өдөр Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллаж аймгийн “Ойн салбарын анхдугаар чуулган”-д оролцлоо.

Тус чуулганд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, орон нутгийн удирдлагууд, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид, мод тарьдаг иргэн, иргэний нийгмийн байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөл зэрэг 300 орчим хүн оролцлоо.

“Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн 80 хувь цөлжиж 14 сумын газар нутгийг хамарчээ”

Баянхонгор аймгийн газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртжээ. Хангай, говь, тал хээр хосолсон газар нутгийн онцлогтой Баянхонгор аймаг нь ойн сан бүхий 820,681 га талбайтай бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 7,08 хувийг эзэлдэг.  Баянхонгор аймгийн сум дундын ойн анги аймгийн төвд мод үржүүлгийн 6,05 га талбайд 17 нэр төрлийн 25 мянга гаруй ширхэг суулгацыг тариалалт хийн ургуулж байна.

Тэгвэл Баянхонгор аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөнд 20 сая мод тарихаар нэгдэж, “Хог биш мод тарьж, Хонгор нутгаа ногооруулъя” уриалгыг дэвшүүлжээ. Эхний ээлжид бүс нутгийнхаа онцлогт тохирсон тарьц суулгацыг үржүүлж, нөөцтэй болох нь нэн түрүүний ажил болохыг салбарынхан онцоллоо. 2030 он хүртэл 20 сая мод тарих ажлыг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд 307 хүн байнгын, 35.000 хүн түр ажлын байраар хангагдахаар болжээ.

Мөн Баянхонгор аймаг энэ жил цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд “Түмэн мод” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд мод тарих ажилд 2022 оны улсын төсвөөс нэг тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болж, энэ жил 500.000 мод тарих юм байна.