Нийгэм
2022.03.03 17:37
5580
Ж.Ариунболор: Хувцас өгөхөөр өдөрт 6-10 хүн зорин ирдэг

Өнөөдрийн нийгэмд сайн дурын байгууллага үйл ажиллагаагаа явуулахад амаргүй. Гэсэн ч тодорхой зорилго өвөртлөн найман жил үйл ажиллагаагаа явуулж, бусдад тусалдаг, сэтгэлтэй байгууллагыг хаанаас харах вэ гэвэл хаяг нь ердөө “Инээдэг байшин” ТББ юм. Өнөөдөр хэн нэгний хандивласан зүйлс маргааш эзэндээ очихдоо аз жаргал түгээдэг. Сэтгэл байвал хүн ямар ч ажлыг бүтээж чадна гэх хүнд туслах эгэлгүй сэтгэлээр шантармаар, бэрхшээл тохиолдсон ч давж гараад 8 жилийг тус байгууллага ардаа үджээ. Өмнө нь гадуур машинтай явж хандивийн зүйлээ цуглуулан, тараахдаа хорооны хэсгийн ахлагч нартай хамтарч ажилладаг байжээ. Харин өнгөрсөн оны зургадугаар сараас оффистой ч болж.

Өдрийн 13 цагийн үед тус байгууллагыг зорин очлоо. Халуун дулаан сэтгэлтэй, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан бүсгүй угтсан юм.Яг л дэлгүүр шиг хувцасаа лангуу бүрт нь ангилан байрлуулж, гуталнуудаа хайрцагт хийж тавьжээ. Хүүхдийн тоглоом, ном өрсөн тавиурууд байлаа. Ширээн дээр хоёр дэвтэр байрлуулсан нь хувцас авах, хандивлах үедээ сэтгэгдлээ бичдэг байна. Нээж үзвэл баярласан сэтгэлээ илэрхийлсэн сэтгэгдлүүд хөвөрнө. Хувцас хандивлаж, авч буй хүмүүс орж гарсаар.... Бас  хүмүүс цагаан сарын хэвийн боовоо хандивласан байна.

 Хүн хэрэглэж болох бүхий л зүйлийг тус газар авч, хэрэгтэй хүмүүст нь өгдөг.

Иргэн:С.Эрдэнэбат:Хаяг, утасны дугаарыг  нь   цахим орчноос авч анх удаа зорин ирлээ. “Тийн чаленж” төрийн бус байгууллагат ажилладаг. Манайх архи уудаг өөрийгөө удирдах чадваргүй  хүмүүст тусалдаг юм. Нийт 22  эрэгтэй хүн бий. Эдгээр хүмүүст  боломжоороо хувцас авна.  Үнэхээр сайхан байгууллага байна.  Хүн өчүүхэн зүйлд баярладаг. Тэгэхээр энэ үйлсийг санаачлан хийж буй хүмүүст хариу нь ирнэ.      

Ихэвчлэн өрх толгойлсон эмэгтэйчүүд үйлчлүүлж, өмсөж үзээд таарсан хувцсаа авдаг аж. Сайн дурын ажил нь нийгэмд, хүмүүст хариу нэхээгүй тус хүргэдэг. Хүн хүнээ туслан дэмжих нь хэмжээлшгүй сайхан сэтгэл юм. Энэ л байгууллага шиг хариу нэхдэггүй үйл ажиллагаа явуулдаг газар олон байгаасай. 

Инээдэг байшин ТББ-ын ажилтан Ж.Ариунболор: Цагаан сарын дараа байгууллага хувь хүнээс нийт мянга гаруй хэвийн боов цуглаж, хэрэгтэй хүмүүс нь авсан. Сардаа тогтмол зардалд нэг сая таван зуун мянган төгрөг төлдөг. Одоо харин түрээс нэмэгдээд сард хоёр саяийг төлдөг болсон. Түрээс арай хямд газар хайж байгаа. Долоо хоногийн  зургаан өдөр үйл ажиллагаагаа явуулж байна. Хувцас хүмүүс байнга хандивладаг. Цэвэрлэсэн байх гэсэн шаардлага тавьдаггүй. Хүмүүст шууд хүрч буй ажил юм. Өдөрт дунджаар хувцас өгөхөөр 6-10 хүн ирдэг. Харин авахаар ирдэг хүмүүс нь өрхөөс нэг хүн төлөөлөн ирж авдаг.  Сардаа 600 хүнд үйлчилдэг.  Үйл ажиллагаагаа зогсоож болохгүй шүү гэж хүмүүс хэлдэг. Тухайлбал орон сууцад амьдарч буй хүмүүс хувцсаа шууд хаях гэхээр асуудалтай. Тэгэхээр манай байгууллагт өгөөд, хэрэгтэй хүмүүст нь хүргэвэл зохистой. Зорилтот бүлгийн хүмүүст хэрэгтэй хувцсыг нь өгвөл, тэд хувцас авах мөнгөө өөр зүйлд зарцуулна шүү дээ. Бидэнд өгч буй хүмүүсийн урам, эерэг сайхан энергиэр тэтгэгдэж үйл ажиллагаагаа зогсоохгүйн төлөө үргэлж хичээдэг. Зарим үед оюутнууд сайн дураараа ирж тусалдаг.