Говьсүмбэр аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж аймгийнхаа “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг нээж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нөлөөгөөр байгаль орчны салбар дахин сэргэж байна. Үндэсний хөдөлгөөнд Говьсүмбэр аймаг нэгдэж, хүрээлэн буй орчноо цэцэрлэгжүүлэх зорилго тавьж, зөвлөгөөнөө зохион байгуулж байгаад талархаж байна” гэв.
Мөн нээлтэд МУ-ын ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг давхар уламжлан “Монгол улсын ирээдүй ногоон байх болтугай” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл зөвлөгөөнд оролцогчдод хандан үг хэлсэн юм.
Тус зөвлөгөөнд БОАЖЯ-ны ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, БОАЖ-ын сайдын зөвлөх Ч.Даваабаяр, Цөлжилтийн судалгааны салбарын эрдэмтэн доктор А.Хауленбек, тэргүүтэй албаны хүмүүс, аймгийн мод тарьдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага, байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан оролцож байна.
Анхдугаар зөвлөгөөнд “ Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, танилцуулгыг Говьсүмбэр аймгийн БОАЖГ, аймгийн засаг даргын тамгын газраас танилцуулсан юм. Тодруулбал Сүмбэр суманд 2,8 сая, төмөр замын зурваст 0,5 сая, Баянтал суманд 0,8 сая, Шивээговь суманд 0,9 сая мод тарих юм байна. Нийт модны 5 хувьд шилмүүст мод, 40 хувьд навчит мод, 20 хувьд бут сөөг, ургамал, 35 хувьд жимс жимсгэний мод тарих юм байна. Ингэхдээ зам дагуу тариалалтын зурвас байгуулахаар төлөвлөж энэ жил сум дундын ойн ангиа түшиглэж 2,5 сая модыг тарьж зам дагуу зурвас байгуулж хаврын шороон шуурганаас сэргийлэх ажлыг хийхээр болсон байна.
Говьсүмбэр аймаг цөлжилт газрын доройтлыг бууруулах зорилгоор 2014-2020 оны хооронд БОАЖЯ, орон нутгийн төсөв, ард иргэд, хувийн хэвшлийн оролцоотойгоор улсын чанартай автозамын дагуу 38,7 га талбайд ойн зурвас, аймаг, сумын төвд 28,2 га талбайд 1 цэцэрлэгт хүрээлэн, 6 бичил цэцэрлэг байгуулсан байна. Говьсүмбэр аймаг нь Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +37, өвөл -37 градус байдаг.
Зөвлөгөөний үеэр “Хашаандаа сайхан амьдарцгаая” хөдөлгөөний санаачлагч Ц.Түмэнбаяр сонирхолтой илтгэл тавьлаа. Тэрбээр илтгэлдээ “Амьдарч буй орчин болон хашаандаа мод тарих нь байгаль экологийн хувь ач холбогдолтойгоос гадна, модыг тарьж ургуулахад хувь хүнээс гадна гэр бүлийн гишүүд, хүүхэд хамтран оролцдог учраас хүүхдийн хүмүүжилд мөн эерэг нөлөөгөө үзүүлдэг. Хашаандаа нэг ширхэг мод тарихад л амьдарч байгаа газрын үнэ цэн, үнэлгээ нэмэгддэг” гэв.