Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган болж байна.
Чуулганаар эрэгтэйчүүдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл болоод нийгмийн манлайлалд тулгарч буй сорил, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг эрэгтэйчүүд, олон нийт салбаруудын оролцоо, уялдаа холбоотойгоор тодорхойлж, төр, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах зөвлөмж гаргах юм.
Чуулганыг угтаж Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.
“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганаар эрэгтэйчүүдийн үнэлэмж, үнэт зүйлс, нийгмийн оролцоо, үлгэр дуурайлал, манлайллын талаарх хөвгүүд, эрэгтэйчүүдийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, хувь хүний хөгжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх, тэдний гэр бүл, нийгэмдээ хүлээх хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.
800 гаруй төлөөлөгч оролцож буй чуулганыг нээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
" Улс орны түшиг тулгуур, айл гэрийн ноён нуруу болсон Монгол эрчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Монголчууд эрт дээр үеэс эрчүүдээ өрхийн тэргүүн, гэрийн эзэн, түшиг тулгуур хэмээн хүндэтгэн ирсэн уламжлалтай. Монголчууд бид эрт үеэс нэр хугарахаар яс хугар хэмээн ярьдаг. Эрт үеэс уламжлагдан ирсэн ёс жудаг, зан заншлаа хэзээ ч мартаж болохгүй бөгөөд үеийн үед үр хүүхдэдээ уламжилж байх учиртай. Одоо бид энэ зан заншил, уламжлалаа хэрхэн авч яваа талаараа хэлэлцэн ярилцаж, тунгаан бодох цаг иржээ.
Эрх чөлөөт Монгол улсад эр, эм хүн ижил тэгш эрхтэй байдаг ч эрчүүд бид ар гэр, үр хүүхэд, эх орныхоо өмнө илүү их үүрэг хүлээх учиртай. Иймд мэдлэг боловсролтой хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг байх ёстой. Эрчүүд бидэнд засаж залруулах их зүйл байна.
Монголчууд бидний зовлонгийн нэг том шалтгаан бол архидалт, архинд донтох юм. Архи гай зовлонг л дагуулдаг. Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог. Харин архи эрчүүд биднийг ууж байна. Эх орны минь хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байна. Өнөөдрөөс эхлэн улс үндэстнийхээ төлөө, Монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө Эрүүл хүн - Архигүй монгол үндэсний хөдөлгөөнийг өрнүүлцгээе. Өнөөдрийн чуулганаар эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн талаар хэлэлцэж ажил хэрэгч олон санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна. Чуулганаас гарсан санааг бүрэн дэмжинэ" гэлээ.