Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЭМ-ийн сайд С.Энхболд танилцууллаа.
ЭМ-ийн сайд С.Энхболд: Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсний дагуу хүүхдийн өвчлөлийн байдал болон орны хүрэлцээ, тусламж үйлчилгээний хүртээмжийн талаар танилцуулга хийгдсэн. Засгийн газар эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж байгаа.
Нэн ялангуяа эх хүүхдийн эмнэлгүүдийг олон улсын жишигт хүргэх чиглэлийн дагуу хөрөнгө оруулалт хийгдээд явж байгаа. Үүний хүрээнд улсын хэмжээнд төрөх эмнэлгийн оруудыг 100 хувь шинэчилсэн. 2022 оны төсөв дээр Хүрээ амаржих газрын шинэ барилгын төсвийг шийдсэн. Мөн ЭХЭМҮТ-ийн засварын төсөв шийдэгдсэн.
Сүүлийн үед хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчлөл нэмэгдэж байна. Жилд 52 долоо хоног байдаг. Томуугийн өвчлөл жилийн 25 орчим долоо хоногт үргэлжилж явдаг. Хамгийн их өвчлөлтэй жил нь 2019 он байсан. 2020 онд өвчлөл харицангуй бага байсан. Энэ нь тодорхой хязгаарлалт, хөл хорио хийснээр өвчлөлийг барих боломжтойг харуулж байгаа. Энэ жил арван нэгдүгээр сараас томуу томуу төст өвчлөл ихсээд байна.
0-9 насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл их байна. Манай улсад томуугийн дэгдэлтийг 5 түвшинд хуваадаг. Идэвхжилтийн түвшинд 6 аймаг байна. Алаг цоог түвшинд 12 аймаг, аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд 3 аймаг байна.
Манай улсад жилд 120-130 мянган хүүхэд томуу томуу төст өвчнөөр өвчилдөг. Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд менингококкоор өвчилж, харамсалтайгаар нэг хүүхэд нь амь насаа алдсан. Нэг хүүхэд маань маш хүнд байгаа. Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд хүүхдүүд коридорт хэвтэж байна гэдэг мэдээлэл тархсан. Үүнийг зохицуулахаар нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд амбулаториудийг уртасгасан цагаар ажлуулж байгаа. Мөн нэмэлт оруудыг дэлгэж байгаа. Ахмадуудын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн орыг чөлөөлж хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг рүү шилжүүлж байгаа.