Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх ачаа тээврийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн шугам дээрх талбайг өргөтгөж, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дээрх чингэлгийн талбайг өөрийн талд гурван хэсэг талбай буюу нийт 24700 м2 талбайг хатуу хучилттай болгож өргөтгөх, чингэлэг солилцох талбай нэмэгдэж байгаатай холбоотойгоор чингэлэг өргөгч техник (калмар), сэрээт өргөгч, автокран худалдаж авах шаардлага үүсэж байна.
Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоо 2-3 дахин нэмэгдэж, овор хэмжээ ихтэй ачаа барааг татан авах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
“Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн”, “Хөөт-Чойбалсан”, “Хөөт-Бичигт” төмөр замын төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам”, “Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Чойбалсан-Хөөт-Бичигт төмөр зам” тусгай зориулалтын компани байгуулна.
Концессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг хамтран хэрэгжүүлэх сонирхол бүхий гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчдыг судлан, сонгон шалгаруулснаар цаашид концессын эрхийг “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой төслийн тусгай зориулалтын компанид хууль тогтоомжийн дагуу олгох, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох зөвшөөрлийг авч, бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшилтэй хамтран гүйцэтгэнэ. Төмөр замын барилгын ажил дуусахад төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг “Монголын төмөр зам” ТӨХК гуйцэтгэх, концессын гэрээний хугацаа дуусах үед төмөр замын суурь бүтцийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшилд шилжүүлэн авах нөхцөлөөр концессыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.