Хүүхдийн өвчлөлийн нөхцөл байдал, тусламж, үйлчилгээний хүрэлцээ, орны нөөц, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Засгийн газрын хуралдаанд С.Энхболд танилцуулга хийлээ.
Улирлын болон томуугийн цар тахлын үнэлгээгээр нийслэл алаг цоог дэгдэлтийн түвшинд, Дархан, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Увс, Хэнтий аймаг идэвхжлийн түвшинд байна.
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед томуугийн шинж байдал, өвчлөлийн босго үзүүлэлтийг үндэслэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах, эм эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцөд анхаарч ажиллаж байна гэж салбарын сайд мэдээллээ.
Тухайлбал,
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 755 орыг нэмэлтээр дэлгэсэн байна.
Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан энэ сарын 11-нээс ирэх сарын 1 хүртэлх хугацаанд өрх, тосгоны Эрүүл мэндийн төв бямба гаригт 10.00-17.00 цагт, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08.30-22.00, ням гаригт 10.00-17.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.
Товч мэдээ
· Улаанбаатар хотод хэрэгжих Тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх /LRT/ болон Хотын шинэ тойрог зам барих зэрэг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг 2022 онд багтаан эхлүүлэх арга хэмжээ авах, эдгээр төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгалаа.
· Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутам танилцуулж, БНХАУ-аас гэрээний дагуу импортоор авах төмөр замын бараа материалыг богино хугацаанд татан авах ажилд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.