Өнөөдөр Глобал удирдагч Их сургуулийн 2021-2022 оны ахисан түвшний сургуулийн төгсөлтийн баяр боллоо. Энэ удаагийн төгсөлтөөр 442 оюутан магистрын зэргээ хамгаалж ромбо, дипломоо гардаж авлаа.
Төгсөлтийн арга хэмжээнд Глобал Удирдагч Их Сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Б.Отгонбат, гүйцэтгэх захирал Г.Солонго, дэд ерөнхийлөгч доктор(Ph.D), профессор Ч.Даваабаяр, мөн эрдмийн зөвлөлийн төлөөлөл оролцлоо.
Төгсөлтийн баярыг нээж Глобал Удирдагч Их Сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Б.Отгонбат хэлсэн үгэндээ "Цар тахлын хүнд үед оюутнууд ахисан түвшний сургуульд цахимаар идэвхтэй суралцаж эрдмийн зэрэг хамгаалж байна. Глобаль удирдагч сургууль зөвхөн монголын зах зээлд бус дэлхийн зах зээлд гарах боломжуудыг судалж эхний алхмаа хийсэн жил байлаа. Нийт төгсөгчдөдөө Глобал Удирдагч сургуулийн нэрээ өндөрт өргөж явахыг ерөөе” хэмээн төгсөгчдөдөө баяр хүргэсэн юм.
Глобаль Удирдагч Их Сургуулийн хувьд өнгөрсөн хугацаанд 3000 орчим оюутанд тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгосон байна. Мөн сургалтын орчноо сайжруулах хүрээнд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Цаашид дэлхийн шилдэг 1000 сургуульд багтах зорилт тавьсан байна.
Глобал Удирдагч Их Сургуулийн дэд ерөнхийлөгч, доктор (Ph.D), профессор Ч.Даваабаяр "Нийт төгсөж байгаа оюутнууд дараагийн докторын зэргийн сургуульд сурвал нэг сая 500 мянган төгрөгийн хөнгөлөлт өгөхөөр болж байгаад талархалтай байна. Та бүхэн цар тахлын дараа бизнес, эдийн засаг сэргэж байгаа энэ үед төгсөж байна. Тэгэхээр өнгөрсөн цар тахлын хугацаанд та бүхэн маань зүгээр суугаагүй боловсролдоо маш том хөрөнгө орууллаа гэсэн үг. Нийт төгсөгчдөдөө баяр хүргэе. Миний хувьд жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, бизнесийн ухааны доктор, профессор хүн. Энэ чиглэлээр "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-г үүсгэн байгуулаад монголынхоо жижиг дунд, үйлдвэрлэл, үйлчилгээ, баялаг бүтээж байгаа хүмүүсийгээ дэмжин ажиллахын тулд орон нутгаар их ажилладаг. Энд орон нутгийн төгсөгч нар байгаад олзуурхаж байна. Та бүхэн маань орон нутагтаа төгсч очоод баялаг бүтээгч нартайгаа ажиллаж дэмжээрэй гэж хүсье." гэсэн юм.