УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Нэгдүгээрт, Сүүлийн үеийн олон улсын хурцадмал нөхцөл байдлаас шалтгаалаад эдийн засгийн хувьд хүндрэл үүсч байна. Энэ хүндрэлийг давж гарахын тулд УИХ тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй. Ингээд Ерөнхий сайд буюу Засгийн газрыг тодорхой санал боловсруулан УИХ-д оруулж ирэх санал, чиглэл дээр тогтсон. Нүүрс болон бусад бараа бүтээгдэхүүний импорт, экспорт хязгаарлагдмал байна. Мөн Орос, Украины асуудлаас үүдэн шатахууны үнэ өсч байна. Үнийн хөөрөгдөл бий болж байна, шатахууны төлбөрийн асуудал ч яригдаж байна. Ийм нөхцөл байдлууд байгаа учир дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн.
Хоёрдугаарт, газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь орон сууцны эзэмшлийн газрыг оршин суугчдад нь эзэмшүүлэх хуулийн төсөл байгаа. Тус хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцсэн. Хэлэлцэх явцад гишүүдийн байр суурь өөр өөр байсан. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлэг завсарлага авсан тул өнөөдөр бүлгийн хурлаараа хэлэлцээд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Нэгдүгээрт, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол агуулга нь нийтийн орон сууцанд амьдарч, өмчилсөн иргэд орон сууцныхаа доорх болон орчны газрыг хувь ногдуулж хязгаартайгаар эзэмшүүлэх,
Хоёрдугаарт, Төрийн байгууллагууд эзэмшиж байгаа газрынхаа зориулалтыг тухайн байгууллагуудын дарга нар нь зориулалтыг нь өөрчилж зардаг. Орон сууц барьж байгаа нэрээр зардаг. Энэ газрын наймааг таслан зогсооход чиглэсэн хуулийн төсөл байгаа. Тухай тухайн төрийн байгууллагын дарга нар өөрийн эзэмшиж байгаа газрын зориулалтыг өөрчлөх эрхийг шууд хязгаарлах гэж байна.
Гуравдугаарт, Дуусаагүй барилга дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж бусдад барьцаалах, улмаар тухайн орон сууцанд захиалга өгч орон сууцныха гэрчилгээг авах нэрийдлээр иргэдийг хохироодог явдлыг таслан зогсооход чиглэсэн."