Орон нутаг
2022.03.28 16:37
2963
Цөлжилтийн эсрэг “Тэрбум мод” хөдөлгөөн үндэсний хэмжээнд өрнөж байна

-Тэрбум модүндэсний хөдөлгөөн Төв аймагт-

   Цөлжилтийг байгалийн хүчин зүйл болон, хүний үйл ажиллагаа хавсарсан олон шалтгаантай гэж үздэг ч, хүний үйл ажиллагаа давамгайлсан цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтол нь дэлхий нийтэд аюул занал учруулсаар байна. Манай орны хувьд цөлжилтөд хүчтэй өртөж байгаа аймгуудаас Төв аймгийн нийт газар нутгийн 50-70 хувь нь цөлжиж, газрын доройтолд оржээ. Тэгвэл Төв аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод ” үндэсний хөдөлгөөнд нэгдэж аймгийнхаа “Ногоон Төв аймаг” ойн салбарын анхдугаар зөвлөгөөнийг энэ сарын 5-нд зохион байгуулж 2030 он хүртэл 20 сая мод тарих стратеги, төлөвлөгөөгөө танилцуулсан.

   Төв аймгийн нийт нутаг дэвсгэрийн 16.4 хувь нь ойгоор бүрхэгдсэн ойн сан бүхий газар нутаг эзэлдэг. Төв аймаг нь 1,3 сая га ойн сан бүхий газар нутагтай бөгөөд ойн сангаараа улсдаа  5-рт бичигддэг аймаг юм. Нийт 27 сумын 22 сум нь нарс, шинэс, хус, улиангар хосолсон холимог ой бүхий газар нутагтай. Төв аймаг сүүлийн 10 жил 3700 гаруй га талбайд ойжуулалт хийжээ.

   Төв аймгийн хэмжээнд жилдээ 300-350 га талбайд мод тариалалтын ажил хийгддэг бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүрийн мод тариалалтаа 5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. “Ногоон Төв аймаг” ойн салбарын зөвлөгөөний үеэр сум дундын ойн ангиас өгсөн мэдээллээр Төв аймагт мод үржүүлгийн мэргэжлийн 17 байгууллага байдаг бол тусгай зөвшөөрөлгүй ойн нөхөрлөл, иргэн, аж ахуйн нэгжүүд жилд 360 гаруй га талбайд 1,3 сая модны тарьц, суулгацыг ургуулдаг гэх судалгаа байна.

 

-Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийн хүрээнд Төв аймаг байгалийн ойг нөхөн сэргээхэд 10 сая мод тарина-

   Жуулчдын сонирхлыг татдаг байгалийн олон үзэсгэлэнт, цогцолбор газартай Төв аймаг нь гадаадын жуулчдын хамгийн ихээр дайран өнгөрдөг, зорчдог аймаг юм. Энэ утгаараа, жуулчдын хөлд дарагддаг газруудын байгалийн унаган төрхийг хэвээр хадгалах, нөхөн сэргээх асуудал маш чухал юм. Тэгвэл Төв аймаг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгалийн ойг нөхөн сэргээхэд 10 сая мод тарихаар төлөвлөжээ. Ингэхдээ 13 сумын нутаг дэвсгэрт уулын ойжуулалтыг хийх бөгөөд цөлжилтийг сааруулах зорилгоор түлхүү навчит мод тарих аж.

   “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийн хүрээнд Төв аймаг 2030 он хүртэл уулын ойжуулалтыг хийхээс гадна төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 1,5 сая мод, газар тариалангийн зурвас бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 1,5 сая мод, Туул, Хэрлэн гол дагуу болон төв зам, амралт аялал жуулчлалын бүсэд 1 сая модыг тарьж ургуулах зорилт тавиад байгаа юм. Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийт тал хээрийн бүсэд байрлах 11 сумд тус бүр 1 га талбайг хашаажуулж тус бүр 50 мянган ширхэг модыг тарьж ургуулах бол хүн амын нягтаршил ихтэй, дэд бүтэц хөгжсөн сумдад 100 мянган мод тарих аж. Төв аймгийн хэмжээнд газар тариалан эрхлэгч 5000 орчим иргэн, аж ахуйн нэгж төмс, хүнсний ногоо, үр тарианы зориулалтаар газар эзэмшдэг. Дээрх эргэлтийн талбайнууд дээр хамгаалалтын зурвас байгуулах чиглэлээр “Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд” дээр дурдсанчлан мод тарих юм.

                                                                                                         Гэрэл зургийг:Монцамэ агентлагаас

-Улсын хэмжээнд хийх нөхөн сэргээлтийн дөрөвний нэгийг Төв аймаг дангаараа хийнэ-

   Уул уурхайгаас ихээхэн хамааралтай эдийн засаг бүхий манай орны хувьд байгаль, экологийн доройтолд уул уурхайн үйл ажиллагаа ихээхэн нөлөөлж байна. Тиймээс Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийхээр тусгагдсан.  Тэгвэл Төв аймаг 2024 он хүртэл уул уурхайн эвдрэлд орсон 2000 га газарт ойжуулалт нөхөн сэргээлтийн ажил хийхээр болсон байна. Энэ нь улсын хэмжээнд төлөвлөгдсөн ажлын дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний нөхөн сэргээлтийг Төв аймаг дангаараа хийхээр байгаа юм. Төв аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллага байдаг бөгөөд тэдгээр байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийн хүрээнд уул уурхайн эвдрэлд орсон газруудад 6 сая мод тарихаар болжээ.

                                                                                        Гэрэл зургийг:Нийслэлийн Байгаль орчны газар

-Төв аймаг 2022 оныг Ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарлажээ-

   Төв аймгийн сум дундын ойн анги 5 га мод үржүүлгийн талбайд жилдээ 35-50 мянган ширхэг тарьц, суулгацыг тариалах нөөцтэй байна. Өнгөрсөн жил 38 мянган ширхэг тарьц, суулгац орон нутаг, сумд, БОАЖЯ-нд нийлүүлжээ.

   Цаашид мод үржүүлгийн ажлыг эрчимжүүлж 20 сая мод тарих төлөвлөгөөг биелүүлэхэд хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах шаардлагатайг сум дундын ойн анги болон мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагаас онцолж байлаа.  Ийнхүү төв аймаг “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж 20 сая модыг тарих 9 зорилт бүхий 29 арга хэмжээ, ажлыг төлөвлөжээ. Мөн Төв аймаг 2022 оныг “Ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ жил нийт хагас тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгөөр ойжуулалт, мод тарих ажлыг хийх аж.