

Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шонхор тауэрын ард хэсэгт зам тээврийн ноцтой осол гарч, замын хажууд зогсож байсан гурван хүн хүнд гэмтсэн байна.
Гэмтсэн гурван иргэнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд яаралтай хүргэж, хоёр иргэнийг дарааллан нэн яаралтай хагалгаанд оруулсан ч биеийн байдал нь хүнд байгаа ажээ. Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэх бөгөөд ослын талаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир тодорхой мэдээллийг өгөх боломжгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
